БАЯНХОНГОР: Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-30 13:40:44

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.


Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас гэр бүл, хүүхэд, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах, хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхийн зөвлөл, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, иргэдийн санал хүсэлт, хийх ажлын хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна.


Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2.3 дахь заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг сайжруулж, аливаа хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн сурч, хөгжих, амьдрах, төлөвших ая тухтай орчныг бий болгох зорилгоор энэ онд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нэрлэсэн жилийн хүрээнд эцэг эх асран хамгаалагчид болон хүүхдийн эрхийг дээдэлж, иргэний үүргээ ухамсарлан, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэж, өрх, гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулахад салбар дундын ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх юм.



Хамтын ажиллагааны санамж байгуулснаар Гэр бүл, хүүхэд, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй зохион байгуулж, иргэд салбар бүрийн мэдлэг, мэдээллийг нэг дор авах боломж бүрдэхийн зэрэгцээ байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.


Сонирхуулахад, Аймгийн хэмжээнд гэр бүл цуцлалт 2022 онд 68 байсан бол 2023 онд 41 болж гэр бүлийн цуцлалт 39.7 хувиар буурсан, гэр бүл салалт 2022 онд 53 байсан бол 2023 онд 47 бүртгэгдсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2022 онд 39 гарсан бол 2023 онд 27 гарч 11.3 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн илрүүлэлт 11.3 хувиар нэмэгджээ. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 2022 онд 198 бүртгэгдсэн бол 2023 онд 155 бүртгэгдэж 43 нэгж буюу 21.7 хувиар буурсан байна. Жилийн эцсийн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 152 байсан бол 2023 онд 141 болж 11 нэгжээр буурсан дүн гарчээ.

Холбоотой мэдээ