Сюзэн Габүри: Монголын эдийн засагт бүтцийн өөрчлөлт, хувьсгал авчрах талбарт АХБ хөрөнгө оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-29 15:47:26

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт” форумыг ЭЗХЯ, АХБ-тай хамтран “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.


Форумд АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал Сюзэн Габүри тэргүүтэй тус банкны банк, санхүү, зээл, хөрөнгө оруулалт хариуцсан баг АХБ-ны төв байрладаг Манила хотоос ирж оролцлоо. Тус баг АХБ-наас хувийн хэвшилд олгох санхүүжилтийн тэргүүлэх чиглэл, шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн нийтлэг нөхцөл, өргөдөл гаргах үйл явцыг танилцуулсан юм. Энэ талаар бид АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал Сюзэн Габүригаас тодруулав.


Тэрбээр хэлэхдээ, АХБ Монгол Улсад 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэ хугацаан дахь хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтаа авч үзэх юм бол илүү өргөжүүлэх орон зай байгааг мэдэрсэн.

Өмнө нь бид эрүүл мэнд, ХАА, банк, санхүүгийн байгууллага, эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж ирсэн. Эдгээр салбарын хөрөнгө оруулалтаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа бид үргэлжлүүлээд явна. Энд маш их боломж байгаа.


Ирээдүйд хөрөнгө оруулахдаа бид стратегиа илүү харж, Монгол Улсын эдийн засагт бүтцийн өөрчлөлт, хувьсгал авчирч болох талыг уялдуулах нь зөв зүйтэй хэмээн үзэж байгаа гэв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд их ярьж, дэвшүүлэн тавьж буй эдийн засгийн шинэ бүтэц болох цэвэр, ногоон, эко эдийн засаг бий болгоход анхаарна гээд энд газрын ховор элементийн олборлолтыг дурдаж, Монгол Улс олон улсын түвшинд тус металлын 17 хувийг нийлүүлэх боломжтой байгааг хэллээ.

“Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин хэр бүрдсэн гэж та үзэж байна вэ?” гэсэн асуултад тэрбээр, зохистой орчин бүрдсэн үү гэдэг дээр хэлэхэд, логистикийн ч бай аль нэг салбарт хөрөнгө оруулахад эрхзүйн зохицуулалт дутагдалтай байгааг бид анзаарсан. Энэ бол зөвхөн АХБ-наас хөрөнгө оруулахад гарч буй, тулгарч буй асуудал биш юм. Салбар бүрээс хамаарсан янз бүрийн зохицуулалт байгаад байна. Хөрөнгө оруулахад саад болж буй, эргэж харах хэрэгтэй эрхзүйн зохицуулалт ч байгааг хувийн хэвшлийнхэн ярьж байна.


Манай банкны хувьд Засгийн газартай ажилладаг багтай. Одоо хувийн хэвшилтэй ажиллаж эхэлж байна. Тиймээс бид төр, засагтай ажилладаг багтайгаа нийлж байгаад эрхзүйн ямар зохицуулалт дутагдаад байгаа юм, тэр орчныг нь бүрдүүлэх тухайд илүү ярьж хэлэлцэж, саад бэрхшээлийг арилгахын төлөө ажиллана.

“АХБ 2024 онд Монгол Улсад хэчнээн хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна?” гэсэн асуултад тэрбээр, бид энэ онд түүхэн дээд хэмжээний санхүүжилт хийхээр төлөвлөөд байгаа. Өнгөрсөн онд хийсэн хөрөнгө оруулалтаас хамаагүй илүү их байна гэдэг эргэлзэх зүйл байхгүй. Хөрөнгө оруулах салбаруудаа илүү төрөлжүүлж байгаа гэв. АХБ-наас 2024 онд хөрөнгө оруулах салбаруудыг эрэмбэлбэл:

  • дотоодын банк, санхүүгийн байгууллагууд,
  • эрүүл мэнд
  • уул уурхайн салбарт зэс олборлолт, газрын ховор элемент,
  • логистик тээврийн салбар тус тус орж байна.

Бусад салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд илүү анхаарч, тулж ажиллана гэв. 



АХБ 2023 онд:

  • Монгол Улсын ноолуурын нэмүү өртгийн сүлжээг дэмжих, мөн 1200 малчин, 1300 ажилтныг тогтвортой орлого, ажлын байраар хангах зорилгоор Говь” ХК-тай 30 сая ам.долларын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан зээл,
  • эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Интернэшнл Медикал Центр ХХК (Интермед)-тай 10.2 сая ам.доллартай дүйцэх төгрөгийн зээлийн гэрээ.
  • Мөн Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар шинэ ажлын байр бий болгон улс орны тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Инвескор ББСБ ХК-тай 10 сая ам.долларын зээлийн гэрээнд тус тус гарын үсэг зурсан юм.
Холбоотой мэдээ