М.Энэбиш: Хөтөлбөрөөрөө дамжуулан “Суралцагч аймгийн-Суралцагч иргэн” брэндийг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-30 12:09:45

Баруун-Урт, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсрол төвөөс иргэдийн суралцахуйд чиглэсэн “Суралцагч аймаг 3*7*3” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Нас хүйс, ажил мэргэжил, албан тушаал гээд хэн байхаас үл хамааран хүн бүр оролцох, мөн суралцах боломжтой уг хөтөлбөрийн талаар хүмүүс ам сайтай байгаа. Тиймээс хөтөлбөрийн талаар тус төвийн захиарал М.Энэбиштэй ярилцлаа.




-“Суралцагч аймаг 3*7*3” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Уг хөтөлбөр нь иргэд, албан хаагчид цаг хугацаа, орон зай, төсөв зардлаас үл хамааран өөрийгөө хөгжүүлэхэд уриалах, дэмжих, сурталчлах зорилготой. Өөрөөр хэлбэл бид заавал ямар нэгэн зүйлийг сурах, авьяас сонирхол мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхийн тулд ажлын байр, гэр бүлээ орхин аль нэг газар зорьж очиж сургалтад суух шаардлагагүй, харин гэртээ, ажлын байран дээрээ, чөлөөт цагаараа суралцах боломжтой юм шүү гэдгийг батлан харуулахыг хүсэж байгаа юм.  


-Нэрийн хувьд бас утга учиртай байх?

-Тийм ээ. “Суралцагч аймаг 3*7*3” гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй. Энэ нь иргэд сар бүрийн 3 дахь 7 хоногийн 3 дахь өдрийг суралцах өдөр болгон тэмдэглэж хэвших, тухайн өдөр ямар нэгэн шинэ зүйл сурах дадал хандлагатай болцгооё л гэсэн дүрэмтэй юм. Оролцогчид маань ганцаарчлан, хамт олноороо, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, байр хөршөөрөө гэх мэт маш олон ангиллаар оролцох боломжтой. Одоогооор суралцагч байгууллага ангилалд 17, суралцагч хамт олон ангилалд 60, суралцагч иргэн ангилалд 27 нийт 105 төрлөөр 2000 гаруй суралцагч иргэн оролцож өөрсдийгөө хөгжүүлж байна.


-Яагаад ийм хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж шийдэв. Гол үндэслэл нь?

-Дэлхийн боловсролын чиг хандлага нь хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах соёлтой иргэн байна хэмээн томьёолж буй бөгөөд Монгол Улс ч мөн адил боловсролоо “Хувьсаж буй боловсрол” дэлхийн чиг хандлагад нийцүүлэн насан туршдаа суралцахуйг боловсролын нэг тэргүүлэх чиглэлээ болгож бодлогын бичиг баримтуудадаа тусгаж байна. Хоёрдугаарт, бид маш завгүй нийгэмд амьдарч байна. Яг үнэндээ суралцахуйдаа зориулах цаг хугацаа маш бага байна. Тэглээ гээд зүгээр суугаад байж болохгүй дэлхий маш хурдан хөгжиж байна шүү дээ. Нэг өдөр юу ч сурахгүй өнгөрүүлэхэд нэлээд олон шинэ зүйлээс хоцорчих гээд байна. Нийгмийн хөгжил өөрөө биднээс хурдтай байхыг, байнгын суралцагч байхыг шаардаж байна. Энэ хоёр шалтгаанаар хөтөлбөрөө эхлүүлсэн. Ямартай ч эхлээд “Суралцагч аймаг”, “Суралцагч иргэн” гэсэн брэндийг бий болгож хүмүүсийн хандлагыг өөрчлөх, байнгын суралцагч байх дадал соёлыг төлөвшүүлэх алхам хийе л гэж бодсон.


өтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гарсан үр дүн хэр байна?

өтөлбөрт оролцогчид өөрсдийн суралцахуйд гарч буй ахиц өөрчлөлтийг “Суралцагч аймаг 3*7*3” цахим группээрээ тогтмол мэдээлэхийн зэрэгцээ 3 дахь долоо хоног буюу суралцах өдрөөрөө юу хийсэн тухай тайлангаа зохион байгуулагчдад өгөөд явж байгаа.

Эндээс ахиц өөрчлөлт маш их гарч байгаа. Жишээ нь, англи хэл сурч эхэлсэн бяцхан оролцогч маань өнөөдөр англи хэлээр ном уншиж, тоо бодож мөн өөрийнхөө нэг өдрийн үйл ажиллагааг харуулсан влог хийх хэмжээний чадвартай болж байна. Анх монгол бичиг сурч эхэлсэн нэг оролцогч маань бичгийн хэлбэр нь өдрөөс өдөрт сайжирсаар одоо үндэсний хэмжээний бусад уралдаан тэмцээнд оролцоод явж байна. Яг ийм ахицууд л бидний гол үр дүн юм.




үх салбарбүх насныхан хамрагдаж байгаа юу?

-Аймгийн 11 сумаас уралдаанд оролцож байгаа. Хамгийн бага нь таван настай балчир байгаа бол хамгийн ахмад нь 80 настай буурал байна. Манай нэг гавьяат багш уг уралдаанд оролцож англи хэл сурч байгаа гээд бод доо. Багш маань өөрийн удирдлагатай бие даан суралцахуйн үлгэр жишээг жинхэнэ үзүүлж байгаа. Бие даан дэвтэртээ хийгээд мэргэжлийн хоёр багшаар шалгуулан, үр дүн ахицаа тооцуулж яваа нь маш бахархалтай санагдаж байна.


өтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх  вэ?

-Иргэд зургаан сарын турш сонгосон чиглэлээр тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу суралцаж, ахиц үр дүнгээ тооцон ажлын багт тайлагнаж явах юм. Хөтөлбөр 2024 оны зургаадугаар сарын 1 гэхэд дүнгээ гаргана.

 

-Зохион байгуулагчдын зүгээс хүлээж буй үр дүн нь юу вэ?

-Ямартай ч хөтөлбөрийн төгсгөлд оролцогчдын маань тодорхой хувьд суралцах арга барил, соёлын томоохон өөрчлөлт гарч, өөрсдийн сонирхол, боломж нөхцөлд тохируулан байгаа орчиндоо суралцах дадал хандлагатай, насан туршдаа суралцагч иргэн болсон байна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн оролцогчид анх хөтөлбөрт оролцож эхлэхдээ өөрсдийн гарааг үнэлэн төлөвлөгөөний хамт зохион байгуулагчдад ирүүлсэн бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд эцсийн үнэлгээг хийж тайлангаа ирүүлэх юм. Тэндээс бид маш том үр дүн хүлээж байгаа.


-Ямар нэг хөтөлбөр, аян өрнөөд зогсох бишүргэлжлэх нь хамгийн чухал шүү дээ?

-Тийм ээ санал нэг байна. Хөтөлбөрийн нэгдүгээр хэсэг ийнхүү зургаадугаар сард дуусах боловч бид цааш дахин үргэлжүүлэхээр дараагийн дэмжигчтэйгээ ярьж тохирсон. Тэгэхээр бид бүтэн жилийн турш суралцана гэсэн үг. Ер нь манай хөтөлбөрийн хамгийн гол зорилго бол нэгдүгээрт “Суралцагч аймаг” гэсэн брэндийг бий болгох, хоёрдугаарт иргэд цаашдаа хэний ч шахалт дэмжлэггүйгээр, ямар нэгэн уралдаан тэмцээнгүйгээр зүгээр л өөрийгөө хөгжүүлдэг, насан туршдаа суралцах соёл хандлагатай болох нь хамгийн гол үр дүн, мөн таны хэлээд байгаа тасралтгүй, тогтвортой байдал юм даа.




-Энэ хөтөлбөр өөрөө танай байгууллагын үндсэн үйл ажиллагаатай жинхэнэ нийцэж байгаа юм байна гэж ойлголоо. Зөв үү?

-Тэгэлгүй яахав. Насан туршийн суралцахуйн салбар шинэчлэгдэж байна. Нийгмээ дагаад бидний чиг үүрэг ч өөрчлөгдөж байна. Иргэн бүрийн насан туршдаа суралцахуйг дэмжих нь манай байгууллагын үндсэн үүрэг бөгөөд энэ бүхний менежментийг бид хийх ёстой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид дээрх 2000 иргэнд нэг бүрчлэн сургалт зохион байгуулаад явах хүний нөөц болон эдийн засгийн боломжгүй харин тэднийг ийнхүү нэг зорилгын дор нэгтгэж үйл ажиллагааг зангидаж, нэгтгэж өгснөөрөө тэдний суралцахуйг дэмжиж буй хамгийн том ажил болж байна. 


өгсгөлд нь оролцогчдодоо болон иргэдэд хандаж юу гэж уриалах вэ?

өтөлбөрт манлайлан оролцож өөрийгөө хөгжүүлэн бусдад үлгэр дуурайлал болж буй насан туршдаа суралцах соёл хандлагатай суралцагч иргэн танд маш их баярлалаа гэж хамгийн түрүүнд хэлмээр байна. Аливаа хөтөлбөр төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг, хөрөнгө оруулалтын асуудал их чухал байдаг. Бид хөтөлбөрөө дэмжүүлэх гэж олон хүнд хандсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Ганибал энэ санаачилгыг маш эерэгээр хүлээн авч дэмжсэнд бид маш их баяртай байгаа.

Энэ ташрамд энэ хөтөлбөрийг дэмжин орон нутгийн иргэдийн насан туршдаа суралцахуйг дэмжин, тоогоор хэмжишгүй оюуны хөрөнгө оруулалт хийж буй оюунлаг гишүүн Н.Ганибал танд оролцогчдын өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. Ингээд эцэст нь суралцагч аймгийн суралцагч иргэн болцгооё гэж нийт иргэндээ хандан уриалмаар байна.


-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ