АРХАНГАЙ: Шагайн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-05 10:41:31

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн газрын дэргэдэх Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл санаачлан Эрдэнэбулган сумын ЗДТГ, Биеийн тамир спортын газар хамтран үндэсний өв соёлыг сэргээх, ирээдүй хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор сар шинийн баярт зориулан "Өв соёл" шагайн наадгайн тэмцээнийг зохион байгууллаа. Цаашид ч шагайн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарах аж. 

 

Тэмцээнд төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг 24 байгууллагын ажилтан, албан хаагчид оролцож, ширдгийн шагай шүүрэх, бөгцөг няслах /шагай няслах/, морь уралдуулах, алаг мэлхий гэсэн төрөлд өрсөлдсөн байна.


Төрийн албан хаагчдын дунд энэ жил шагайн наадгайг зохион байгуулж буй нь анхдагч болж байна. Архангайд шагайн өв соёлыг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа хүн бол Архангайн хэд хэдэн шагайн наадгайн тоглоомыг брэнд болгон хөгжүүлж, таниулж, хүүхдүүдэд сурган зааж яваа өвлөн уламжлагч Х.Батбаяр юм. Тэрбээр шагайгаар "Миний Архангай" танин мэдэхүйн хөлөгт наадгайг анх зохиож, ард түмэнд таниулах, сурталчлах, хөгжүүлэх ажлыг үргэлж явуулсаар ирсэн. Түүнээс гадна "Монголын сайхан орноор", "Аргаль, янгир" төдийгүй Тариат, Жаргалант, Цэнхэр, Өлзийт, Ихтамир, Хайрхан зэрэг зургаан сумын нутаг уул, усны нэрээр хөлөгт наадгайг зохиож түгээгээд буй юм. 


Өвлөн уламжлагч Х.Батбаяр "Өв соёл" тэмцээний шүүгч, тайлбарлагчаар оролцсон юм.

 

Тэргүүн байрт Эрдэнэбулган сумын 10 дугаар цэцэрлэгийн “Алтан эрдэнэ баг

Дэд байрт Эрдэнэбулган сумын 15 дугаар цэцэрлэгийн Болор шагай баг

Гутгаар байрт Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн Есөн эрдэнэ баг

Дөрөвдүгээр байрт 3 дугаар сургуулийн Тэмээчин баг

Айргийн тавд Эрүүл мэндийн газрын Монгол наадгай баг тус тус шалгарч, шагайн өв соёлыг түгээх үйлсэд оролцсон юм.

 

Холбоотой мэдээ