ДАРХАН-УУЛ: Улсын аварга тариаланч хамт олон, фермер, тариаланч өрхийн шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-05 15:52:41

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд улсын аваргуудын шагналыг гардуулан өглөө. Энэ жил Дархан-Уул аймгаас улсын аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, фермер зэрэг 14 аварга тодорлоо.


Дархан-Уул аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг "Шинэ орчин трейд" ХХК нь Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсныг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нар гардууллаа.




"Шинэ орчин трейд" ХХК 22 дахь жилдээ газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, зоорийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. О.Батпүрэв, Ж.Мягмаа захиралтай тус компанийн хамт олон хаврын тариалалт болон намрын ургац хураалтын үеэр 30-110 хүртэлх хүнийг ажлын байраар хангадаг аж. Сүүлийн гурван жилд 90 га-д төмс, хүнсний ногооны тариалалт хийж, 1700-1800 тонн ургац хураан авсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг жишиг болгоход анхаарч ирсэн гэдгийг компанийн удирдлагууд онцолж байлаа.


Нэг га талбайгаас хураан авах ургацын хэмжээ нь тогтворжсон бөгөөд сүүлийн жилүүдэд 160-310 цн гаруй ургац хураан авч байна.

 


"Монгол улсын аварга тариаланч"-аар Орхон сумын тариаланч Баасанжавын Амгаланжаргал тодорчээ. Тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл, төмс, хүнсний ногоо тариалах чиглэлээр тууштай ажиллаж буй Б.Амгаланжаргал "Улсын аварга тариаланч" хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсондоо талархаж буйгаа илэрхийллээ.




Жилийн тариалалтын хугацаанд дунджаар 5-8 га талбайд 6-7 төрлийн хүнсний ногоо тариалж, 130-154 тн ургацыг хураан авч зах зээлд нийлүүлдэг аж. Жилд 4-5 хүнийг байнгын ажлын байраар хангахын зэрэгцээ тариалалт, ургац хураалтын үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж түр ажлын байр бий болгодог ажээ. Түр ажлын байраар хангаж, жилд дунжаар 8.0-15.0 сая төгрөгийн ажлын хөлсийг олгодог байна.




Монгол Улсын аварга тариаланчаар Хонгор сумын тариаланч Жавзмаагийн Сандагсүрэн тодорчээ. Түүний хувьд Хонгор сумын харьяат орон нутагтаа газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн туршлагаараа үлгэрлэл болдог гэж сумын удирдлагууд онцолж байлаа.




Тариаланч Ж.Сандагсүрэн нь газар тариалангийн салбарт 47 жил ажиллаж байгаа бөгөөд түүний газар тариалан, хүнс үйлдвэрлэлийн салбарт болон аймаг орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Монгол Улсын аварга тариаланч"-аар тодруулсан байна. Шагналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нар гардууллаа.


 

Хонгор сумаас тодорсон улсын аваргуудын нэг нь  Б.Тунгалаг юм. "Улсын аварга фермер"-ийн эзэн Хонгор сумын нэгдүгээр багийн иргэн Батбаярын Тунгалаг улсад 44 жил ажиллаж үүнээс мал аж ахуйн салбарт 21 жил фермерийн ажил эрхэлж байгаа аж.




Тэрбээр 2004 оноос хойш одоог хүртэл сименталь үүлдрийн үхэр цэврээр нь үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн сүүлийн дөрвөн жил үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж сумынхаа малчин, мал бүхий иргэд болон зэргэлдээ сумын малчдад борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлж байна.




Б.Тунгалаг нь сүүлийн гурван жил дараалан 60-86 толгой үхэр тоолуулж, үүнээс 30-40 үнээ тугалж саалийн хугацаанд нэг үнээнээс жилд дунджаар 2500 гаруй литр сүү, өдөрт нэг үнээнээс 5-6 литр сүү сааж хүнсний үйлдвэрт нийлүүлж байна.

Түүний эрчимжсэн мал аж ахуйн салбарт өөрийн хүч хөдөлмөрөө дайчлан нийгэмд оруулж буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж "Улсын аварга фермер"-ээр тодруулсан аж.

Холбоотой мэдээ