АРХАНГАЙ: Аялал жуулчлалын чиглэлээр ААН-үүд 280 орчим урьдчилсан захиалга авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-16 16:06:38

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймаг “Аялал жуулчлалын зорилтот хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн, 2023 оны 10 дугаар тогтоолоор баталсан.

 

Тус ажлын хүрээнд 2023 оны туршид 25 томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 160 гаруй мянган хүн оролцсон бол аймгийн хэмжээнд 297 мянган жуулчин хүлээн авчээ.

 

2024 онд дээрх тоог бууруулахгүй байх, зорин ирэх жуулчдын тоог нэмэх зорилгоор төр, малчид, аялал жуулчлал, тур операторын үйл ажиллагаа эрхлэгч 200 гаруй хүнийг оролцуулсан "Аяллаа Архангай" аялал жуулчлалын форумыг зохион байгуулсан юм.

 

Мөн 24 дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын "ITM-2023" үзэсгэлэнд нэг тур оператор, 28 жуулчны бааз, гурван зочид буудлын бүрэлдэхүүнтэйгээр оролцож, “Шилдэг маркетингтай аймаг”-аар шалгарсан байна.

 

Дээрх үйл ажиллагаануудын үеэр тогтмолжсон 5 үйл ажиллагаа, тойрон аяллын 30 маршрут, 2024 онд АРА комплекст зохион байгуулах 21 ажлыг танилцуулсны дүнд аж ахуйн нэгжүүд 280 орчим урьдчилсан захиалга авч, гэрээ байгуулаад байна.

 

Цаашид аялагчдын тав тухыг хангах, байгальд ээлтэй, нүхэн жорлонгүй анхны аймаг болох зорилго тавин “Дулаан эрчим” ХХК-тай био жорлон нэвтрүүлэхээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм.

Холбоотой мэдээ