Хятадын Ардын банк ипотекийн зээлийн үндсэн хүүг буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-02-21 16:29:59

БЭЭЖИН, 2024 оны хоёрдугаар сарын 21 /NHK/. Хятадын Ардын банкнаас үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон улс орны эдийн засгийг бүхэлд нь дэмжих зорилгоор ипотекийн зээлийн үндсэн хүүг буурууллаа.


Тус банк таван жилийн хугацаатай зээлийн хүүг 25 хувиар бууруулж, 3.95 хувь болгожээ. Үүнийг санхүүгийн байгууллагууд ипотекийн зээл олгохдоо жишиг үзүүлэлт болгон ашигладаг ба хамгийн сүүлд өнгөрсөн оны зургаадугаар сард хүүг бууруулж байсан юм. 


Ипотекийн зээлийн үндсэн хүүг бууруулсан нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын удаан хугацааны уналтыг даван туулах гэсэн оролдлого гэж үзэж байна. Дотоодын эрэлт зогсонги байдалд ороод байгаа энэ үед Хятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан буурчээ.


Хоёрдугаар сарын 5-нд Хятадын Ардын банк мөн эдийн засагт орох мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх үүднээс санхүүгийн байгууллагуудын нөөцийн хэмжээг бууруулсан байна. Үүн дээр нэмээд ипотекийн зээлийн хүүг бууруулсан нь орон сууц худалдан авах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чиглэсэн гэж шинжээчид дүгнэж байна.


Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд олгодог зээлийн жишиг үзүүлэлт болох нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 3.45 хувьд хэвээр үлдээхээр Төв банк шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ