Д.Амарбаясгалан: Тэжээл, гурилын импортын татвар, орон нутгийн сургуулийн улирлын амралтыг сунгах эсэхийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-02-25 10:06:54

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна.


Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум,  Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллах үеэрээ улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эмч нарын баг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв.


Одоогоор Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн суманд төмөр зуд болж, 17 сумын 54 багт зам даваа хаагдаад байна.

Завхан аймагт сар шинийн өдрүүдээс хойш тасралтгүй шуурч, зарим суманд өдөртөө -40 хэм хүйтэн байгаа нь төмөр зуд болох эрсдэлийг улам нэмжээ. Тус аймагт 45 мянга гаруй мал зүй бусаар хорогдож, мал, малчид туйлдаж байгааг аймгийн ОБГ-аас танилцууллаа. Малчид өмнөх жилүүдийнх шигээ өвс тэжээлээ бэлдсэн ч цас эрт орсны улмаас аль хэдийн дуусгаснаа ярьж байна. Тиймээс улс болон орон нутгийн нөөцөөс үнэ төлбөргүй өгч буй өвс тэжээл дэм болно гэж үзэж байна. Мөн зудтай аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөх шаардлагатай талаар санал хэллээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлож байна. Зудтай байгаа орон нутгийн сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийднэ” гэв.


Зудтай газруудын зам давааг цэвэрлэсэн ч цаг агаарын улмаас эргээд хаагдах эрсдэл их байгаа тул Засгийн газраас дараагийн арга хэмжээг авах шаардлагатай. Байгаль цаг уурын хүнд шалгуурыг хамтдаа давна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Засгийн газар, УОК хоёрдугаар шатанд хүчит тэжээл, тэжээлийн будааг малчдад олгох аж. 

Холбоотой мэдээ