Талибууд өндөр настай австри иргэнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-02-26 13:46:09

ВЕНА, 2024 оны хоёрдугаар сарын 26 /AP/. Өнгөрсөн онд Афганистанд очих үеэрээ баривчлагдсан 84 настай австри эрэгтэйг талибууд сулласан тухай Австрийн Засгийн газар ням гарагт мэдэгджээ. 


Австрийн Гадаад хэргийн яамны /ГХЯ/ мэдээлснээр, Херберт Фриц гэх эрэгтэй ням гаргийн үдэд Афганистанаас Катарын Доха хотод ирсэн байна. Шаардлагатай бол түүнийг Австри руу явахаас нь өмнө эмчлэх ажээ. Тэрбээр Кабул хот дахь шоронд хоригдож байсан гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.


Австрийн Канцлер Карл Нехаммер X /хуучнаар Twitter/ хуудсандаа, манай иргэнийг Афганистан дахь шоронгоос суллахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн Катарын Эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани болон түүний багийнханд талархал илэрхийлье хэмээн бичжээ. “Бидний найдвартай хамтын ажиллагааны дүнд Австрийн иргэн гэртээ, охин, ач зээ нар дээрээ очих боломжтой боллоо” гэж К.Нехаммер хэлсэн байна.


Катарын Гадаад хэргийн яамны зүгээс мөн Австрийн иргэнийг сулласанд Афганистан дахь түр засгийн газар-т талархаж буйгаа X сүлжээгээр илэрхийлжээ. Катар улс олон чухал асуудлаар олон улсын найдвартай түнш гэдгээ нотолсоор ирсэн бөгөөд эвлэрүүлэн зуучлах, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа явуулж, маргааныг тайван замаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж байгааг нь мэдэгдэлд дурджээ.


Афганистанд баривчлагдсан Австрийн иргэн хэт барууны үзэлтэй нэгэн бөгөөд Үндэсний ардчилсан нам хэмээх /1988 онд хориглосон/ хэт барууны үзэл баримтлалтай жижиг намыг үүсгэн байгуулагч байсан гэж Австрийн Der Standard сонин өнгөрсөн онд мэдээлжээ. Х.Фриц хэт барууны үзэлтэй нэгэн сэтгүүлд Талибантай хамт амарсан нь гэдэг гарчигтай нийтлэлээ хэвлүүлснээс хойш олон долоо хоногийн турш хоригдож байгаа гэж мэдээнд дурдсан байна. Нийтлэлд талибуудын эрхшээлд байгаа Афганистаны амьдралыг эергээр буулгасан байжээ. Түүнийг тагнуул хийсэн гэж буруутгасан бөгөөд Австрийн неонацистууд түүний хэргийг Telegram сувгуудаар дамжуулан олон нийтэд ил болгосон байна.


Талибууд 2021 онд Афганистанд хяналтаа тогтоосноосоо хойш авч хэрэгжүүлсэн хатуу арга хэмжээний хүрээнд эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд оролцохыг хориглож, охидыг зургаадугаар ангиас цааш суралцахыг зогсоожээ. 20 жил үргэлжилсэн дайны дараа АНУ болон НАТО-гийн цэргүүд Афганистанаас гарч эхэлсэн сүүлийн долоо хоногуудад талибууд тус улсад хяналтаа тогтоосон байна.


Der Standard сонинд бичсэнээр, Х.Фриц аюултай газруудаар аялах сонирхолтой байсан бөгөөд 1980-аад онд Афганистанд, мөн хэдэн жилийн өмнө Сирийн хойд хэсэгт “Лалын улс бүлэглэлийнхэнтэй дайтаж буй курдүүд дээр очиж байжээ. Австрийн холбогдох албаныхан түүнийг өнгөрсөн тавдугаар сард Афганистанд очсон гэж мэдэгдсэн боловч тус улсын аль нутагт саатуулагдсан талаар мэдээлээгүй байна.

Холбоотой мэдээ