Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-26 18:26:03

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр цахимаар эхэллээ. Гишүүн орон, байгууллагын хувьд Монгол Улсын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага уулзалтад оролцож мэдээлэл, санал солилцов.


Шууд дамжуулалтын цахим уулзалтаар гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замаар 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцох, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах тухай төлөөлөгчид зөвлөлдлөө.

Тодруулбал, хуралдаанаар төмөр замаар 2024 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн ачаа тээврийн хэмжээг ачааны нэр төрөл тус бүрээр нь хэлэлцэн, холбогдох төмөр замын байгууллагуудтай харилцан тохиролцож протоколд тусган хэрэгжилтийг нь хангах юм.


Зөвлөгөөнд Монгол Улс, Афганистан, Беларусь, Вьетнам, Иран, Казахстан, БНХАУ, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ), Туркменистан, Узбекистан улс болон ажиглагч БНСУ-ын төмөр замын төлөөлөгчид оролцлоо. Зөвлөгөөн энэ оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд цахим хэлбэрээр үргэлжлэх юм.

Төмөр замаар тээсэн ачааны өсөлтөд:

  • экспортын ачаа 2.5 сая,
  • дамжин өнгөрөх ачаа 1.9 сая,
  • дотоодод тээвээрлэсэн ачаа 491.9 мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн 2023 онд 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 376.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Төмөр замаар 2023 онд 32.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь ачаа тээвэрлэлт өмнө оныхоос 4.6 сая тонноор мөн нэмэгдсэн юм. 


Холбоотой мэдээ