Хүүхдийн мөнгийг ялгаварлан олгож байна хэмээн үзэж цэцэд хандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-09-30 14:39:38

УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа УИХ-ын энэ оны есдүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ.

Уг тогтоолоор энэ оны 7-12 дугаар сард амжиргааны түвшний 1-10 дугаар сарын орсон хүүхэд бүрт бэлэн мөнгөөр, үлдсэн хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь хүүхдийг ахуй амьдралаар нь ялгаварлан гадуурхаж байгаа илрэл бөгөөд Үндсэн хуулийн дараах олон зүйл заалтыг зөрчсөн гэлээ.

Тухайлбал, Үндсэн хуулийн 1.10.2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг, 2.14.1, 2.14.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх байна” гэснийг, 2.16.5 дахь хэсэг, 19.1 дэх хэсэг “Хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаврлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэх мэт олон зүйл заалтыг зөрчсөн гэдгийг тэрээр онцолсон юм. Тэрчлэн хүүхдийн эрхийн конвенцийг ч ноцтой зөрчсөн гэдгийг хэллээ.

Тэрбээр, "Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгөөр дамжуулан өрх гэрийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх хүн ам зүйн бодлогыг дэмжсэн чухал бодлого. Тиймээс дээрх асуудлаар цэцэд гомдол гаргаж, дүгнэлт гаргуулахаар хандаж байна" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ