“Хүнсний алт” гүргэм цэцэгтэй сүүн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khandmaa@montsame.gov.mn
2024-02-28 15:04:17

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Саффрон буюу гүргэм цэцгийг МЭӨ 7-р зуунаас эхлэн Газар дундын тэнгис болон Азийн улс орнуудад "Байгалийн анагаагч" хэмээн хоол хүнсэнд өргөн хэрэглэж иржээ.


Өвөрмөц амт, үнэртэй уг цэцэг нь хүний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой ашиг тустай бөгөөд өдөр бүр хэрэглэснээр цусны эргэлт сайжирч, биеийг хоргүйжүүлэн, бодисын солилцоог эрчимжүүлдэг байна. Түүнчлэн бие сэтгэлийг тайвшруулж, сэтгэл санаа хямрах эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ.

 

Тухайлбал, эрүүл мэндийг хэрхэн тэтгэдгийг та сонирхож байна уу?

 

    Саффрон сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй

Саффроны амт, үнэр нь серотонин, допамины ялгарлыг дэмжин бүхэл өдрийн турш таныг сэтгэл гутралаас хамгаалж, сэтгэл хангалуун байх урам зоригоор тэтгэдэг байна.

 

    Саффрон тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Энэхүү цэцгийн онцгой антиоксидантууд болох кроцин, кроцетин, сафранал нь тархи, мэдрэлийн системийг хамгаалж, ой санамж, суралцах чадварыг сайжруулан, тархи хөгшрөх үйл явцыг сааруулдаг.

 

    Саффрон нойрны чанар, хугацааг нэмэгдүүлдэг

Саффрон нь нойрыг зохицуулах дааврын мелатонины түвшинг нэмэгдүүлэн тархины зарим рецепторуудад сайнаар нөлөөлж, удаан, гүн нойрсоход тусалдаг.

 

Ийнхүү олон төрлийн ашиг тустай учраас энэ цэцгийн дохиурыг гэмтээхгүйн тулд одоог хүртэл зөвхөн гараар түүдэг, машид үнэ цэнтэй ургамал юм. Нэг цэцгэнд ердөө 2-3 дохиур байдаг тул 150,000-180,000 цэцгээс 1 кг орц гарган авдаг байна.

Холбоотой мэдээ