Э.Холанд дахин пента-трик хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-28 16:51:15

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 28 /РИА Новости/. Норвегийн хөлбөмбөгчин, өсөж яваа залуу од Эрлинг Холандын хийсэн пента-трик буюу таван гоолын ачаар “Манчестер Сити”-гийн хөлбөмбөгчид “Лутон Таун” багийг талбайд нь илт давуугаар хожлоо. Ингэснээр манчестерчууд Английн Цомын тэмцээний ¼ -ийн шигшээ тоглолтод шалгарч байна.


Мягмар гарагт Лутон хотод болсон тоглолтод зочин багийн хөлбөмбөгчид 6:2 харьцаагаар хожсон бөгөөд Холанд 3, 18, 40, 55 ба 58 дахь минутанд таван гоол оруулжээ. Эхний дөрвөн гоолыг Кевин де Брейне-гийн өгсөн оновчтой дамжуулалтаар оруулсан байна. Мөн зочин багийн Матео Ковавич 72 дахь минутанд гоолджээ. Харин талбайн эзэн багийн Жордан Кларк 45 ба 52 дахь минутанд дубль хийлээ.


Э.Холандын хувьд энэхүү пента-трик бол түүний тамирчны замналд хоёрдахь нь юм. 2023 оны 3 дугаар сард “Сити” клуб Аваргуудын лигийн 1/8-ийн шигшээ тоглолтод “Лейпциг” багийг өөрийн талбайд бутниргэх үед тэрбээр өрсөлдөгчийн хаалганд 5 бөмбөг оруулж байв.


Хамгийн сүүлд 1970 онд Английн Цомын тэмцээнд дээд дивизионы багийн хөлбөмбөгчин пента-трик хийж байсан бөгөөд энэ хүн бол “Манчестер Юнайтед” багт тоглож байсан Умард Ирландын уугуул, Алтан бөмбөгийн эзэн Жорж Бест юм.  

  

Холбоотой мэдээ