Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх боломжийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-01 09:23:13

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Жованна Пиккаррета, санхүүгийн хэлтсийн ажилтан Жанлука Феррари, худалдааны хэлтсийн ажилтан Б.Ихбаяр нарыг хүлээн авч уулзав.


Уулзалтаар Монгол Улс, Итали Улс хооронд хүнс, хөдөө аж ахуй тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар болох ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засгийн газрын холимог комиссын ээлжит хуралдааныг Монголд зохион байгуулах, мөн үйлдвэр технологийн паркийн дэд бүтэц, үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлөх боломжийн талаар санал солилцлоо. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Засгийн газрын байр суурийг илэрхийлж, энэ оны долоодугаар сарын нэгнээс эхлэн зөвхөн угаасан, самнасан ноолуур экспортлох бодлого баримтлах, зүүн бүсийн хөгжилд хөрөнгө оруулах боломжийг онцлон тэмдэглэв.


Түүнчлэн Монгол Улстай хамтарч ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг БНИУ-ын “Falconeri” компани зудын гамшигт нэрвэгдсэн малчдад хандив өгч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснийг ХХААХҮЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ