Э.Амартүвшин: Төрөлх тайзан дээр гарах мөчийг тэсэн ядан хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-04 17:12:14

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. The Lyric's Oscars шагналын эзэн, Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин өчигдөр эх орондоо иржээ.


Тэрбээр “Макбет дуурийн гол дүрийг амилуулахаас гадна гала тоглолт зохион байгуулах болсон талаараа өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Ж.Вердийн "Макбет" дуурь энэ сарын 9-нд болох бол гала тоглолтыг маргааш нь буюу 10-ны өдөр зохион байгуулах юм. Уг тоглолтод дуурийн театрын шилдэг уран бүтээлчид оролцож дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг дуулах аж. Мөн Монголынхоо бүтээлээс ч дуулна гэдгийг Ардын жүжигчин Э.Амартүвшин онцоллоо. Түүний хувьд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа дуулаагүй долоон жил болсон байна. Тоглолтод ДБЭТ-ын гоцлол, найрал дуучид, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.


Ж.Вердийн Макбет дуурийг өнгөрсөн жил манай улсад тоглосон бөгөөд 176 жилийн дараа Монголд төдийгүй Азид дахин амилуулсан юм. 1947 он болон 1965 оны хоёр хувилбарыг нийлүүлэн тавьж буйгаараа онцлог болохыг ДБЭТ-ын уран бүтээлчид онцоллоо.


Ардын жүжигчин Э.Амартүвшин, “Маш их сандарч, бас догдолж байна. Долоон жилийн дараа, Монголынхоо тайзан дээр үзэгчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Хүмүүс маш их хүлээлттэй байх шиг. Гала тоглолт дээр дэлхийн суут хөгжмийн зохиолчдын хамгийн гайхалтай бүтээлүүдийг дуулах болно. Мөн алдартай бүтээлүүдээс дуэт дуулахаар бэлдэж байна. Энэ бол миний өсөж, өндийсөн урлагийн тайз. Урт хугацааны дараа театрынхаа тайзан дээр гарах гэж байгаадаа маш их баяртай байна. Дэлхийн том театрын тайзнаа дуулахад өөрийн чадвар, чансаа нэмэгддэг юм билээ. Манай театр олон сайхан залуу уран бүтээлчээр хүрээгээ тэлжээ. Энэ тоглолтдоо бүгд эрвийх дэрвийхээрээ хичээж, өөдрөг сайхан сэтгэлээр бэлтгэлээ хийж байна” гэв. 





Холбоотой мэдээ