БАЯН-ӨЛГИЙ: Ховд голд гатлага онгоц тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-04 15:23:33

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвд Ховд голд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гатлага онгоц (паром) тавина.


Тус сумын зарим малчдын өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбай нь голын нөгөө талд байдаг тул иргэдэд сумын төв ороход хүндрэл учирч хол зам туулах шаардлага үүсдэг аж.


Иймээс орон нутгийн удирдлагууд мотоциклтой болон явган зорчигчийн хэрэгцээг хангахуйц гүүр барих боломжгүй тул сумын төвийн хойд талаар урсах Ховд голд гатлага онгоц (гар паром) барих нь хамгийн оновчтой гэж үзэж, Орон нутгийн хөгжлийн сангаас тус ажилд зориулан 40 сая төгрөг хуваарилжээ.   


Гатлага онгоц нь 1 тн даацтай байна. Мөн голын эрэг дээр онгоцонд хүн суух, ачаа тээх боломжтой зогсоол барихаар зураг төсөвт нь тусгасан байна.


Сагсай сумын ЗДТГ-аас тус ажлын тендерийг өнгөрсөн зарын 29-ний өдөр зарласан бөгөөд энэ сарын 7-ны өдөр гүйцэтгэгчийг тодруулах ажээ. 

Холбоотой мэдээ