СЭЛЭНГЭ: Э.Оюумаа: Хүүхдүүдэд тохирсон зөв аргыг хэрэгжүүлбэл төсөөлөө ч үгүй үр дүн гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-05 14:10:35

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн англи хэлний багш Э.Оюумаа ангийнхаа сурагчдыг 3 жилийн турш өглөө бүр 10-20 минут ном уншуулах дадалд сургажээ. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.


-Таны хүүхдүүдэдээ ном уншуулж хэвшүүлсэн үйлс тань маш эерэг нөлөөлж, улсдаа сайн туршлага болон үнэлэгдсэнд баяр хүргэе. Энэ санаагаа хэрхэн олов, түүхээ хуваалцахгүй юу?

-Цар тахлын дараа цахимын хичээлээс танхимын хичээл рүү шилжихэд манай ангийнхан 9 дүгээр ангид орж таарсан юм. Өөрөөр хэлбэл тэд 7, 8-р ангидаа гэртээ цахимаар хичээлээ орж байсан тэр үе. Тухайн үеийн 9, 10 дугаар сард миний сэтгэлийг маш их зовоосон сарууд байлаа. Учир нь хүүхдүүд утсанд хэт их орсон. Бие биетэйгээ бараг юм ярихгүй сөрөг зүйлс маш их тулгарч байлаа. Тэгээд би хүүхдүүдэдээ “та нар бараг хагас галзуурлын байдалд байсан байх аа” гэж хэлж байв. /инээв/.


Тэгээд нэг өдөр интернэтээс өглөөний уншлага хийх уриалга явж байхыг харсан. Энэ надад маш амархан санагдсан. Шууд л орой нь хүүхдүүд рүүгээ “Маргааш өглөө 7.50 цагт бүгд ирсэн байгаарай. Бүгдээрээ хамтдаа ном уншъя” гэдэг зарыг хүргэсэн. Ингээд бид өглөө бүр 10 минутын ном уншсаар байгаад 12 дугаар сарын сүүлээр, 21 хоногийн хугацаанд нэг ном уншиж дууссан. Бүх хүүхэд алга ташаад “бараг анх удаа бүтэн ном уншиж дууслаа” гэсэн сэтгэгдлийг хэлсэн. Их гоё байсан.  


-Түүнээс хойш бараг 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өөрт тань юу бодогдох юм. Энэ хугацаанд хэчнээн ном уншив?

-Сардаа нэг ном уншдаг гэхээр одоогоор 15 номыг бүтэн дуусгасан байна. Ном уншдаг болсноос хойш хүүхдүүдийн маань хандлага, сурах хүсэл эергээр өөрчлөгдсөн. Ном уншсанаас хойш танай ангийнхны сэтгэн бодох чадвар, сурлагын идэвх маш их нэмэгдсэн гэж манай сургуулийн математикийн багш хэлсэн.

Ер нь сурагчид хичээл хийх дургүй, сурлагын хоцрогдолтой байвал анги удирдсан багш л оролдлоготой байж, маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм байна гэж би бодсон. Хүүхдүүдэд тохирсон зөв аргыг олж, тууштай хэрэгжүүлж чадвал таны төсөөлөө ч үгүй үр дүн гарна гэдэгт итгэлтэй байж болох юм билээ.


-Ном уншсанаар өөрт болоод, сурагчдад нөлөөлсөн бодит үр дүн юу байна?

-Яг ингээд бодоход өглөөний уншлага хийснээр хүүхдүүдэд эерэг, зөв дадлыг бий болгохоос гадна, багш би өөрөө маш их зөв дадалтай болсон. Өглөөний уншлагадаа ирэхийн өмнө 3 жилийн өмнөх ажилдаа гардаг байсан цагаасаа 30 минутын өмнө гардаг боллоо.  


Ажилдаа ирэхдээ би маш их аз жаргалтай ирээд, орой хамаг ажлаа дуусгаад гарахдаа мөн л маш их аз жаргалтай гардаг “багш” гэж өөрийгөө хэлнэ.

Мэдээж олон сайхан өөрчлөлтүүдийн зэрэгцээ багшийн ажилдаа дурлах шалтгааныг өглөөний уншлага өгсөн гэж би харж байгаа.


-Ямарваа зүйлийг санаачлаад хийх нэг өөр. Хийгээд хэрэгжүүлнэ гэдэг бүр илүү чухал. Энэ мөчид өөрт тань ямар сэтгэгдэл төрж байна?

-Миний хувьд анхандаа 10 минут ном уншуулахад маш амархан санагдаж байсан. Хэдийгээр амархан мэт боловч тэр 21 хоногийн хугацаа бол багшаас маш эв дүй, ур чадвар, тэсвэр шаардсан өдрүүд байсан.

Бараг л тэр өдрүүдэд би өөрийгөө жинхэнэ багш болсон гэж боддог.


-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ