Ахмадуудынхаа саналыг нээлттэй сонсоно гэдгээ аймгийн дарга хэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-01 17:36:42

Сэлэнгэ аймагт Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жил, Сэлэнгэ аймагт ахмадын холбоо байгуулагдсаны түүхт 45 жилийн ойн баярыг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Аймгийн төв Сүхбаатар хотын төв талбайд болсон ахмадын баярын нээлтийн үйл ажиллагаан дээр аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлсэн үгэндээ:”Орон нутгийн ахмадын байгууллагыг дэмжих ажлын хүрээнд орон нутгийн төсвөөс 43.1 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн. Энэ удаагийн ахмад настнаа дэмжсэн аймгийн ахмад настны биеийн тамир спортын анхдугаар их наадмыг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Цаашид бид сумын ахмадын хороодын үйл ажиллагаа үйлчлэх хүрээг өргөжүүлэн ажил үйлчилгээг тогтмолжуулан, ахмадад үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээг цаг тухай бүрд хүртээмжтэй хүргэх болно. Мөн ахмадын сувилал, чийрэгжүүлэлтийн танхимыг өргөжүүлэх, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулан ажиллана. Иймээс ахмад настан та бүхэн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа ирүүлээрэй, бид нээлттэй сонсох болно” хэмээн хэллээ. Баярын энэ сайхан өдрөө ахмадууд дуу хуур, баяр хөөр дүүрэн хөнгөн шингэн алхлан жавхаалаг, цоглог байлаа. Баярын нэээлтийн үйл ажиллагааны үеэр 120 ахмад настан оролцсон хийн дасгалын үзүүлэх тоглолт, хүүхдийн морин хуурын “Таванхан” хамтлагийн тоглолт, ахмадуудын нэгдсэн концерт зэрэг олон сайхан арга хэмжээ явагдлаа. Мөн энэ өдөр шагналын хур ахиухан буусан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ахмад настан Л.Наранцэцэг, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр аймгийн Ахмадын хорооны дарга асан  Д.Зориг, ахмад багш н.Сэр-Од, мөн аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр Шаамар сумын ахмад настан н.Нямжав, Сүхбаатар сумын ахмад настан н.Пагмажав, Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичгээр Мандал сумын ахмад настан Д.Цэвээн, ахмад багш Н.Навчаа, Монголын Ахмадын хорооны шагналаар Ш.Чойжил, Ш.Дунгармаа, аймгийн Ахмадын хорооны шагналаар Ц.Цэрэнхүү, Д.Балжинням зэрэг олон ахмадууд шагнууллаа. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа болон Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван, Дархан сумын ахмадын хорооны дарга С.Тожил, ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы ахмадын хорооны дарга Ц.Очиров нар урилгаар оролцлоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ