БАЯНХОНГОР: Амьтдын тархац нутагт биотехникийн арга хэмжээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-12 10:54:33
Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Хонгорын дугуйчид" унадаг дугуйн холбоо, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Их богдын байгалийн цогцолцор газрын хамгаалалтын захиргаа, Эрдэнэцогт сумын ЗДТГ-тай хамтран Эрдэнэцогт сумын Өртөмтийн урд салааны зэрлэг буганы байршил бүхий Таргил хэмээх газарт биотехникийн арга хэмжээг авчээ.

Мөн Малчдад туслах аяны хүрээнд Эрдэнэцогт сумын Эрхэт хайрхан 5 дугаар багийн малчин н.Галдансамбуугийн хотонд 20 боодол өвс хүлээлгэж өгсөн байна.

Зун, намартаа хур бороо багатай, өвөл их хэмжээний цас орж, зудын байдалтай байгаа хүнд хэцүү цаг үед туруутан амьтад өвс, тэжээлээр хомсдож, хорогдох эрсдэлд ороод буй. Тиймээс цас зудын хүнд үед өвс, тэжээл тавьж өгөх, шаардлагатай цэгүүдэд биотехникийн арга хэмжээг аймгийн хэмжээнд тогтмол авч байна.

Баянхонгор аймаг нь байгалийн нөөц баялаг ихтэй, тэр дундаа аймгийн хэмжээнд тархан байршдаг нэн ховор болон ховор амьтад болох мазаалай, хавтгай, хулан, аргаль, янгир, буга согоо, бор гөрөөс, хар сүүлт, цагаан зээр, цоохор ирвэс, шилүүс гэх амьтдын өлгий нутаг юм.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн "Хонгорын дугуйчид" унадаг дугуйчдын холбоо анх аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дэргэд клубийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дугуйн спортыг орон нутагтаа хөгжүүлэх, хотын соёлд шинэ өнгө төрх нэмэх, иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, цаашлаад хүүхэд залуучууд, иргэдийг энэхүү спортоор хичээлүүлж, амжилт гаргуулах зорилготой байгуулжээ. Тус холбоо 2020 оноос албан ёсоор нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон ажиллаж байгаа бөгөөд 200 гаруй гишүүнтэй.









Холбоотой мэдээ