Зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-03-15 10:55:57

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр ахиухан хэмжээний нойтон цас, энэ сарын 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.


Иймд зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа. 2024 оны 3 дугаар сарын 16-20-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Говь, тал, хээрийн нутгаар маргааш салхи секундэд 14-16 метр, энэ сарын 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар энэ сарын 19-нд өдөртөө дулаарна.

Холбоотой мэдээ