Боловсруулах салбарт гол нэр төрлийн барааны биет хэмжээ 3.0 хувиас 2.1 дахин өссөн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
erdenebat@montsame.mn
2024-03-19 09:49:26

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбар тэр дундаа уул уурхай, олборлох үйлдвэрлэл 2024 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг байна. Энэ нь 2023 оныхоос 365.7  тэрбум төгрөгөөр  өссөн үзүүлэлт юм.


Энд гарсан өсөлтийг тус бүрд нь авч үзвэл:

  • чулуун  болон  хүрэн  нүүрс  олборлолт 358.7 тэрбум төгрөг,
  • металлын хүдэр олборлолт 21.8  тэрбум төгрөг,
  • ашигт малтмал олборлолт 16.9  тэрбум төгрөг,

 Уул уурхай, олборлох салбарт цэвэршүүлээгүй алт, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал, баяжуулсан нүүрс, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ 2023 оныхоос 2.2 хувиас    3.3 дахин өсжээ,   


Боловсруулах салбарт нүүрсэн шахмал түлш, ноолууран сүлжмэл эдлэл, цэвэр спирт, шохой, ус, ундаа жүүс, самнасан ноолуур, цагаан архи, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 3.0 хувиас 2.1 дахин өссөн байна. Харин   металл бэлдэц 2023 оны түвшинд хадгалагджээ.

 

Аж үйлдвэрийн  салбарын борлуулсан  бүтээгдэхүүн  2024 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 754.5 тэрбум төгрөгөөр өсөн нэмэгджээ. Эдгээрээс уул уурхай, олборлох  салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2023 оныхоос өссөн үзүүлэлтийг тус бүрд нь авч үзвэл:

  • нүүрс олборлолтын салбарын борлуулалт 621.9  тэрбум төгрөг,
  • металлын хүдэр олборлолт 125.0 тэрбум төгрөг,
  • бусад ашигт малтмал олборлолт 6.0  тэрбум төгрөг,

Уул уурхайн олборлох салбарын бүтээгдэхүүний борлуулалт, олборлолт 2023 оныхоос 726.2 тэрбум төгрөгөөр өсөн нэмэгджээ.


Гадаад зах зээлд 2024 оны эхний 2 сарын байдлаар 5.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 5.8 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Ийм төрлийн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын:

  • 60.7 хувийг нүүрс,
  • 35.3 хувийг металлын хүдэр ,
  • 3.1 хувийг газрын тос,
  • 0.8 хувийг бусад ашигт малтмал эзэлжээ.

Аж үйлдвэрийн  салбарын үйлдвэрлэлийн  индекс (улирлын  нөлөөллийг арилгасан тооцоо) 2024 оны 2 дугаар сард 297.1 (2015=100) болж, өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өссөн байна


Аж үйлдвэр гэж эдийн засгийн нэгэн хэсгийг нэрлэнэ. Энэ нь үйлдвэрлэл болон материаллаг бараа бүтээгдэхүүний боловсруулалтаар эсвэл үйлдвэр дэх бараа болон тоног төхөөрөмжөөр илэрхийлэгдэх онцлогтой. Гэхдээ гар аргаар хийх үйлдвэрлэлийн хэлбэртэй харьцуулахад өндөр хэмжээнд механикжсан эсвэл автоматжуулсан хөгжлийн процесс гэж үздэг.


Дэлхийн улс орнуудад уул уурхай аж үйлдвэрийн гол салбар гэж тооцогддог. Монгол Улсад ч энэ жишгээр уг салбар хөгжиж байна. Тэр дагуу Үндэсний статистикийн хороо (ҮСХ) улсын аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтийг дээрх байдлаар гаргажээ.


Аж үйлдвэрийн салбарын ойлголт, тодорхойлолт, нэршлийг ҮСХ доорх байдлаар тайлбарлажээ. Тухайлбал:


  • Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл: Аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд зах зээлд болон өөрийн эцсийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс бүрдэнэ.
  • Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн: Аж ахуйн нэгж, байгууллагынтайлант хугацаанд худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ юм.
  • Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн (биет хэмжээний) индекс: Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн  бүтээгдэхүүнийг  сар  бүрийн  мэдээлэлд  хамруулан  судалж,  Ласпейрсийн  биет хэмжээний индексийн томьёог ашиглан тооцно 
Холбоотой мэдээ