Шигшээ багаа дэмжихээр Японы албаны хүмүүс Пёньянд ирнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-20 17:37:27

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 20 /ТАСС/.  2026 онд болох хөл бөмбөгийн ДАШТ-ний урьдчилан шатанд учраа таарсан БНАСАУ, Японы багуудын тоглолт нийслэл Пёньян хотод болно.  Иймээс Японы тал үндэсний шигшээ багтаа дэмжлэг үзүүлэх үүднээс 16 албаны хүнийг тоглолт болох хот руу илгээхээр төлөвлөж байгаа тухай Японы Гадаад хэргийн яам мэдээллээ.   


Эдгээр албаны хүмүүсийг Японы ГХЯ-ны Консулын хэлтсийн консулын бодлогын газрын дарга Шигэтоши Нагао тэргүүлэх ажээ. Тэд 23-наас 27-ны өдөр хүртэл БНАСАУ-д байх бөгөөд хоёр улсын хөлбөмбөгчдийн тоглолт 26-ны өдөр Пёньян хотын Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд болох юм.


Үүний сацуу БНАСАУ руу явахгүй байхыг Японы ГХЯ иргэддээ хандан уриалсан бөгөөд тус хоёр улс өнөөг хүртэл дипломат харилцаагүй байгаа юм. Гэхдээ дээрх уриалга нь шигшээ багийн туслах ажилтнууд ба багийг дагалдан яваа сэтгүүлчдэд хамаарахгүй ажээ.  


Одоогоор БНАСАУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид Токио хотод ирээд байгаа бөгөөд маргааш Японы шигшээтэй тоглоно.


Хамгийн сүүлд 2011 оны 11 дүгээр сард Японы хөлбөмбөгчид БНАСАУ-д очиж тоглож байсан бөгөөд тухайн үед Японы хэсэг албаны хүмүүс шигшээ багаа дэмжихээр Пёньянд очиж байв.   

Холбоотой мэдээ