БАЯН-ӨЛГИЙ: Булган, Цэнгэл сум ойн хөнөөлт шавжийн голомттой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-26 11:25:28

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. "Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачилга" төрийн бус байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн ойн санд хөнөөлт шавжийн тархалтын судалгаа хийжээ.


Судалгаанд Баян-Өлгий аймгийн Алтай (Ёлтын ам), Алтанцөгц (Хаш, Улаан харгана, Улаан хус, Зах ус, Бүхээлт, Ховд голын сав дагуу), Баяннуур (Ховд голын сав дагуу, Цэцэгт, Цагаан арал, Шар тохой), Бугат (ойн сан бүхий нийт газар нутаг), Булган (ойн сан бүхий нийт газар нутаг), Дэлүүн (Хөх сэрхийн нуруу), Цэнгэл (ойн сан бүхий нийт газар нутаг), Ногооннуур (Хавцал, Хатуугийн ам, Бөх мөрөн голын сав дагуу) зэрэг 7 сумын 66.8 мянган га газрыг хамруулсан байна.


Судалгааны дүнгээр дээрх нутагт 32.1 мянган га талбайд яковсоны төөлүүрч эрвээхэй, бургасны хүр эрвээхэй тархсан нь тогтоогджээ. Үүнээс Булган сумын 500 га, Цэнгэл сумын 1500  га газарт яковсоны төөлүүрч эрвээхэйн голомт үүссэнийг илрүүлсэн байна. Иймээс тухайн хөнөөлт шавжийн голомт үүссэн талбайд авиамикробиологийн аргаар тэмцлийн ажил зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.


Ойн хөнөөлт шавжийн нягтшилт, хүрэнцэр, эрвээхэйн өнгөний хувиралт, эр, эмийн харьцаанаас харахад судалгаа явуулсан газар нутагт ойн хөнөөлт шавжийн популяцын тоо толгой нь хэт олшролтын эхний үе шатандаа байгаа гэж судлаачид дүгнэсэн байна.


Тийм учраас хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгааг зөвлөжээ.  

Холбоотой мэдээ