Какаоны буурцагны үнэ түүхэнд анх удаа 10 мянган доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-27 13:52:18

ПРЕТОРИ, 2024 оны гуравдугаар сарын 27 /SABC/. Какаоны буурцгийн биржийн үнэ түүхэнд анх удаа тонн тутамдаа 10 мянган ам.доллароос давлаа. 


Intercontinental Exchange (ICE)  биржийн мягмар гаргийн арилжааны явцад нэг тонн какаоны буурцгийн үнэ 10 080 долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 134 хувиар өссөн үзүүлэлт юм.


Какаоны тариалалтаар дэлхийд тэргүүлэгч хоёр улс болох Кот-д'Ивуар, Ганад ургац их хэмжээгээр алдсан тухай мэдээлэл үнэ өсөхөд нөлөөлсөн бөгөөд улмаар шоколад, чихэрлэг бүтээгдэхүүний үнэ цаашид нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Тус хоёр улс дэлхийн какао буурцагны 60 шахам хувийг тариалдаг.


Абижанд төвтэй Олон улсын какаоны байгууллагын хийсэн тооцоогоор, энэ хөдөө аж ахуйн жилд (2023-2024) дэлхийн какаоны буурцагны тариалалт өмнөх оныхтой харьцуулахад 11 хувиар буурч, 4.45 сая тонн болох аж. Ингэснээр дэлхийн какао буурцагны зах зээл гурав дахь жилдээ хомсдолтой байх юм. Дэлхийн зах зээл дэх хомсдол энэ оны есдүгээр сар гэхэд 375 мянган тоннд хүрнэ. Өмнөх онд 74 мянган тонны хомсдол үүсэж байжээ. 

Холбоотой мэдээ