Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх нэг сарын эрчимжсэн ажил зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-03 23:08:47

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой Байдлын газар хамтарч “Байгал орчны журам”-ын эсрэг гэмт хэргээс сэргийлж таслан зогсоох, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэг сарын эрчимжсэн ажил явуулахаар төлөвлөснийг аймгийн Гэмт Хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэв.

Сүүлийн үед тус аймагт мал хулгайлах болон “Байгал орчны журам”-ын эсрэг гэмт хэргийн хувь бууралттай байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг зөрчил оны сүүлийн улиралд ихэсдэг. Иймд гэмт хэрэг гарсаны дараа бус харин гарахаас нь урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ. Хэдийгээр Төрийн байгууллагууд байгалийн баялгийг хууль бусаар олборлож ашиглах гэмт хэргийн эсрэг шат дараалсан арга хэмжээ авдаг боловч энэ төрлийн ажил явуулахад шаардагдах санхүүжилт байхгүйн улмаас хүндрэл учирдаг. Тиймээс аймгийн ГХУСАЗЗ-өөс зохих төсөв гаргахаар боллоо.

Уг төлөвлөгөөний дагуу энэ сарын нэгнээс эхлэж мод бэлтгэл, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийж “Ойн нөхөрлөл”-үүдийн ажилтай танилцах болон малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс хорио цээр тогтоосон бүсүүдээс тээвэр хийж буй авто машинуудыг дотогш нэвтрүүлэхгүйгээр хяналт шалгалт хийж замын пост, эргүүлүүдийг эрчимжүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ