“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн компаниуд идэвхтэй оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-04 12:23:14

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн компаниуд идэвхтэй оролцож байна.

"Энержи Ресурс" компани энэ хавар жигд, сухай, хайлаас, бүйлс, улиас, тоорой зэрэг 5 төрлийн модыг бортоголон ургуулахаар шилжүүлэн суулгаж эхэллээ. Тус компани Мод үржүүлгийн талбайгаасаа үрээр болон мөчрөөр суулгац бэлдэн бойжуулж байна. Талбайгаасаа жил бүр суулгац авч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв болон уурхайн ойр орчим, мөн ойн зурвастаа шилжүүлэн тарьж, арчлан ургуулж байгаа юм.



“Оюутолгой” компани Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумын нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн 187 га газрыг нөхөн сэргээхээр ажиллаж байна. Энэ талаар тус компани БОАЖЯ-тай хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн оны 11 дүгээр сард байгуулсан юм.


Үүний өмнө “Оюутолгой” компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх бичил уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгчээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш уул, уурхайн салбарынхан нийт 4.5 сая мод тарьж ургуулаад байна. Уул уурхайн компаниуд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд амласан моддоо тарьж ургуулахаар, жил бүрийн тавдугаар сарын эхэнд болдог бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт бэлдэж байна.


Тодруулга: "Тэрбум мод” нь 2030 он гэхэд тэрбумаар тоолох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулах үндсэн зорилготой үндэсний хөдөлгөөн юм. Ингэснээр ойн санг 9 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлнэ.

 

Холбоотой мэдээ