"Трабзонспор" баг үзэгчидгүйгээр тоглох шийтгэл хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-04 15:04:58

АНКАРА, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /РИА Новости/ Туркийн мэргэжлийн хөл бөмбөгийн Сахилга батын хорооноос "Трабзонспор" клубийн өөрийн талбайд явуулах зургаан тоглолтыг үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Туркийн хөл бөмбөгийн Суперлигийн тэмцээний 30 дугаар тойрогт “Трабзонспор” ба “Фенербахче” багуудын тоглолт дууссаны дараа “Трабзонспор”-ын хөгжөөн дэмжигчид зочин багийн хөлбөмбөгчид рүү дайрсан нь дээрх шийдвэрийг гаргах үндэслэл болсон байна. Энэ тухай телевизийн TRT Haber суваг мэдээлжээ.


3 дугаар сарын 17-нд Трабзонд болсон тоглолтод талбайн эзэн баг 2:3 гэсэн харьцаагаар хожигдсоны дараа олныг хамарсан зодоон дэгдсэн юм.


Сахилга батын хороо “Трабзонспор” багт үзэгчидгүйгээр тоглолт хийх шийтгэл ногдуулснаас гадна "Фенербахче"-гийн тоглогчид болох Жейден Остерволде, Ирфан Кан Эгрибаята нарын нэг тоглолтод оролцох эрхийг хассан байна.   


Хэд хоногийн өмнө Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ж.Инфантино Туркийн эрх баригчдад хандан тоглогчдын аюулгүй байдлыг хангахыг уриалсан юм. Харин "Фенербахче" клубын удирдлага Туркийн лигээс гарч гадаадын аль нэг улсын лигт шилжих хувилбарыг хэлэлцэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ