ӨМНӨГОВЬ: Монгол Улсын анхны эмэгтэй баатар Түвдэнгийн Борын хөшөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байв. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр тэмдэглэх болжээ.
Энэ өдрөөр Монгол Улсын баатар Түвдэнгийн Борын хөшөөг онцлон танилцуулж байна. Т.Борын хөшөөг анх 1977 онд түүний дурсгалыг хүндэтгэн босгож байжээ.
Харин 2003 онд шинэчлэн Г.Дорилогийн зохиомжилсноор зураач С.Борхүү хөшөөг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бүтээжээ.
Т.Бор
нь 1930 онд 17 насандаа тэр үеийн Богд хаан аймгийн Шанхай уулын хошууны
ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. 1932 оны хавар хувьсгалын
эсэргүү Ганжирваа хувилгаан (Одоогийн Баян-Овоо сумын төвлөрч байгаа Долоо шар
загийн хөндийн том лам) түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба,
тэдний гар хөл бологсдын үг ятгалгад сохроор итгэн уугуул нутаг усаа орхин
харийн нутгийг зорин хөдөлсөн ардуудад
төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт
ухуулга хийж яваад Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар эсэргүү
нарын отоонд орж хүчинд автан баригджээ.
Тэднийг Лүнгийн хийдэд аваачиж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгий дотор зөрүүлж боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоож, маргааш өглөө нь эртлэн "Тугийн цохио" хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь 4 метр өндөр цавчим цохион дээр аваачин буудаж унаган дээрээс нь том хад, чулуу нураан хороожээ.
Тэдний дотроос Цогцолын Сайнбаяр хөндий цээжээрээ буудуулан шархдан мөлхөж яваад Даваа гэгч эмэгтэйн ачаар амьд гарч хувьсгалын эсэргүү нарын харгис үйлдлийг илчлэн зоригт эмэгтэй Т.Бор түүний нөхдийн баатарлаг эх орон ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө тууштай тэмцэгч байсан алдар гавъяаны амьд гэрч болсон түүхтэй.
МХЗЭ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд Т.Борыг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.
2019 онд Т.Борын хөшөөг шинэчлэн засварлаж түүний нэрэмжит хүүхэд залуусын
талбай болгон өөрчилсөн юм.
Харин хуучин хөшөөг Цогт-Овоо суманд шилжүүлэн байршуулжээ. Учир нь Цогт-Овоо, Цогтцэций сум тэр үед салаагүй Цогт сум нэртэй байсан бөгөөд Т.Бор тус сумын ХЗЭ-ийн даргаар ажиллаж байжээ.