ОХУ-ын Алс Дорнодын үйлдвэрлэгчид Монголд ирээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-19 16:22:48

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Хабаровскийн хязгаарын бизнесийн төлөөлөгчид 4 дүгээр сарын 19-23-нд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг Монгол-Оросын бизнесийн ажил хэргийн зөвлөл өнөөдөр хүлээн авч уулзлаа. ОХУ-ын бизнес эрхлэгчид ирэх даваа гарагт Монгол-Оросын нэгдсэн бизнес уулзалтыг хийх гэж байна.


ОХУ-ын Экспортыг дэмжих төвөөс зохион байгуулж буй бизнес айлчлалд “Vetima”, “Fitly” барааны тэмдгийн дор олон нэр төрлийн нарийн боовны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ОХУ-ын Алс Дорнод дахь хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг "Ветли Восток”, мөн Алс Дорнод дахь хамгийн том кофе шарагч “Аркси трейд” зэрэг 30-аад компанийн төлөөлөл ирээд байна.


“Аркси трейд” компани нь сард 30 гаруй тонн кофе үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн үйлдвэртэй. Бразил, Колумб, Гватемал, Этиоп, Вьетнам зэрэг орноос кофе импортлож, өөрийн технологиор төгс амттай, анхилуун үнэртэй кофены холимог үйлдвэрлэл эрхлэдэг байна. Мөн бүрэлдэхүүнд Москвагаас Владивосток хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлж, олон орны худалдан авагч нарт хэдийнээ танил болсон "Балтимор Амур" компани багтжээ.


Мөн “Мой город” брэндийн архитектурын жижиг байгууламжууд буюу орчин үеийн, аюулгүй, чанарын гэрчилгээтэй, хүүхдийн болон спортын талбайн олон үйлдэлт тоглоом, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийн төлөөлөл ирж, Монголын компани, ААН-үүдтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ