БАЯН-ӨЛГИЙ: Улсын тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагчдыг унаагаар хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-23 10:13:01

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төслийн хүрээнд Монгол Алтайн Нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 15 байгаль хамгаалагчид мотоцикл олголоо.


Мотоциклыг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц, аймгийн Засаг дарга А.Камелият нар энэ сарын 22-ны өдөр гардуулж өгөв.


Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төслийн I шатыг 2015 онд эхэлж Монгол орны төвийн болон зүүн бүсэд 2022 оныг дуустал хэрэгжүүлсэн. Харин төслийн II, III шатыг 2020 оноос эхлэн 2027 он хүртэл баруун болон говийн бүсэд хэрэгжүүлж байгаа.


Тус төслөөс өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн байгаль орчны салбарт нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.


Төслийн хөрөнгө оруулалт, үр ашгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Хөх Сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн сумын иргэд хүртэж байгаа юм. 

Холбоотой мэдээ