Нийслэлд стандартын шаардлага хангахгүй 465 тоглоомын талбай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-30 14:52:17

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн стандартын талаар мэдээлэл өглөө.


Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 840-ийг нь СӨХ хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлал хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан. Гэвч эдгээр тоглоомын талбайгаас 465 нь стандартын шаардлага хангахгүй, засвар хийх шаардлагатай байгаа аж.


Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр ярихдаа, “Хүүхдийн тоглоомын талбай хүүхдүүдэд хамгийн ойр хөгжиж тоглох газар байдаг. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүйдсэн байна. Иймээс бид хотоо эзэнтэй, хариуцах хүнтэй болгосон цагт үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлал хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Гэвч уг стандартын шаардлага хэрэгжихгүй байна. Төвийн зургаан дүүрэгт хяналт, шалгалт хийхэд насны ангиллаар төрөлжүүлээгүй, хурд сааруулагчгүй, аюул учруулахуйц ирмэгтэй, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж тэмдэг байрлуулаагүй, засвар арчилгааг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн.


Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатарт бүртгэлтэй тоглоомын талбайнуудын дийлэнх нь засвар хийх шаардлагатай. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 183 тоглоомын талбай бүртгэлтэй байгаагаас 49 нь л шаардлага хангажээ. Тиймээс стандартад заасны дагуу хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ. Уг ажилд иргэд, ААН, дүүргүүдийг хамтран ажиллахыг уриалж байна гэв.

Холбоотой мэдээ