ХОВД: Гэр бүлийн үнэ цэн, эв нэгдлийг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-13 17:34:16

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар capын 15-нд "Олон улсын гэр бүлийн өдөр" тохиодог.

Эл өдрийг угтсан олон талт нөлөөллийн ажил Ховд аймагт өрнөж байна. 

Тухайлбал, өнөөдөр Жаргалант сумын ИТХ, ЗДТГ хамтран "Хайр ба хүндэтгэл" сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулж,  гэр бүлийн үнэ цэн, эв нэгдлийг сурталчиллаа. 

Тус үйл ажиллагаанд Жаргалант сумын 12 багийн 23-35 насны гэр бүл, зарим  байгууллагын төлөөлөл гээд 150 өрхийн 300 орчим хүн оролцсон ба гэр бүлийн харилцаа хандлага, итгэлцэл, үүрэг, оролцоо, хүүхэд хүмүүжүүлэх арга, зарим анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцсон нь гэр бүлийн эерэг уур амьсгалыг бий болгоход давуу тал болох юм.

Ховд аймгийн төв буюу Жаргалант сум 33 мянга гаруй хүн амтай бөгөөд 9100 гаруй өрхөд хуваагдан амьдарч байна. Эдгээр гэр бүлийн хөгжлийг дэмжих нөлөөллийн ажлыг цаашид мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ташрамд, Жаргалант сумын хэмжээнд сүүлийн таван жилд 179 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь зан харилцаа таарахгүй, гэр бүлийн үнэнч байдал тогтворгүй, архины хэрэглээ ихтэй зэрэг шалтгаантай. 


Харьцуулан үзвэл зан харилцаа таарахгүй гэсэн шалтгаан нь хамгийн их буюу 77 хувийг эзэлж байна.


Иймд залуу хосууд бие биедээ итгэх, харилцаа хандлагаа сайжруулах, зөвхөн "би" гэх үзлээс татгалзаж, асуудлын зөв шийдлийг эрэлхийлэх нь чухал юм. 


Холбоотой мэдээ