БАЯНХОНГОР: Барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийг ноолуураар шагнажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-15 12:21:51

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Залаагийн хүчтэн бөхийн холбооноос "Бөхийн баяр-2024" үндэсний бөхийн барилдааныг энэ сарын 14-нд Шинэжинст суманд зохион байгууллаа. Барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийг өргөмжлөл, медаль, Залаажинстийн цагаан ямааны ноолуураар шагнажээ.

 

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын баяр наадамд түрүүлж байсан үе үеийн сумын заануудад хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаанд аймаг, цэргийн цолтой 32 бөх зодоглосон байна. Барилдаанд аймгийн арслан Д.Бямбасүрэн түрүүлж, цэргийн арслан Г.Жамбалдорж үзүүрлэсэн бол их шөвөгт аймгийн арслан Б.Түвшинтөгс, аймгийн начин Б.Өнөрбаатар нар үлджээ.

 

Энэ үеэр сумын цолтой болон цолгүй бөхчүүдийн барилдааныг зохион байгуулж, шөвгөрсөн бөхчүүдийг мөн л ноолуураар шагнасан байна.


Тодруулбал, Үе үеийн сумын заануудын нэрэмжит сумын заан цолтой 32 бөхийн барилдаанд сумын заан Б.Бат-Эрдэнэ /Жинст сум/ түрүүлж, сумын заан Б.Сэрдорж /Шинэжинст сум/ үзүүрлэсэн бол их шөвөгт сумын заан Б.Балжинням /Шинэжинст сум/, сумын начин Д.Бат-Эрдэнэ /Бөмбөгөр сум/ үлдсэн байна. Харин цолгүй 32 залуу бөхийн барилдаанд О.Очбадрах /Шинэжинст сум/ түрүүлж, н.Чойжилсүрэн /Шинэжинст сум/ үзүүрлэж, Б.Буянтөгс /Жаргалант сум/, Б.Сумьяабазар /Баянговь сум/ нар их шөвөгт үлджээ.

Сумын заан Г.Хатанбаатар, хүү сумын заан Х.Дэмбэрэл нарын нэрэмжит өсвөрийн барилдаан Шинэжинст сумаас 6-9нас, 10-12нас, 13-15 насны ангилал тус бүрт 40 хүүхэд оролцож, хүчийг үзэн барилдсан байна.



Ташрамд, Ноолууран бүтээгдэхүүний томоохон үйлдвэрүүдийн гол нэрийн барааны түүхий эд буюу ноолуурыг Баянхонгор аймгийн говийн сумдаас нийлүүлж байна. Тодруулбал, Бодь кашмер, Ханбогд, Гоёл, Сор зэрэг үйлдвэр Шинэжинст, Баян-Өндөрийн нарийн ширхэгт цагаан ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд гаргаж байна.


Баянхонгор аймгийн говийн бүсийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд галбир, ашиг шимийн хувьд тодорхой ялгагдах онцлог бүхий “Залаа” нарийн ноолуурт, “Сувдан” биерхэг, “Мяндсан” урт ноолуурт, “Эдрэн” өтгөн ноост зэрэг дөрвөн генеологи удмуудыг бий болгожээ. "Залаажинстийн цагаан" омгийн ямааны цөм сүргийг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үржүүлдэг. Цагаан омгийн ямааны нас гүйцсэн ухна 58 кг, эм ямаа 40 кг жин татдаг байна. Мөн нас гүйцсэн ухнаас 380 гр, эм ямаа дунджаар 290 гр, 16-16.5 микрон голчтой ноолуур өгдөг аж.


Шинэжинст суманд өсгөж үржүүлж буй нарийн тансаг ноолуурт "Залаажинстийн цагаан" омгийн ямаа 2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлөөр хэлэлцэн үүлдрээр баталсан байдаг. Үүлдрийн судалгаанд Баян-Өндөр сумын Эдрэнгийн багийн ямааг хамруулсан учир тус сумаас ирүүлсэн саналыг үндэслэн үүлдрийн нэрийг Залаажинст-Эдрэнгийн цагаан гэхээр тогтжээ. "Залаажинст-Эдрэн" үүлдрийн ямаа биеийн аль нэг хэсэгт өөр өнгийн толбогүй цагаан зүстэй, ихэвчлэн дунд зэргийн хэмжээний наран, гэдэргээ хэлбэрийн эвэртэй, нүдний болор тод хар, зовхи бараан, сахлаг хялгастай, нарийн ноолууртай, говь цөлөрхөг нутгийн бэлчээрийн маллагаанд сайн зохицсон байдаг байна.

Холбоотой мэдээ