ХОВД: Хонины ноос хяргагчийн тоог нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-15 20:16:16

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. UNIDO буюу НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан Суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй ажлын баг Ховд аймагт ажиллав.

Тус ажлын багийн гишүүдтэй Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа уулзлаа.

Энэ удаагийн уулзалтаар НҮБ-аас 2025 оныг "Хоршоог дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан цаашид хэд хэдэн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай ярилцав.

Тодруулбал, Австрали болон Шинэ Зеланд улсын туршлагаар хонины ноосыг цахилгаан машинаар хяргах сургалт, хяргагч нарын бэлтгэх ажлыг цаашид Ховд аймаг төдийгүй баруун бүсэд хэрэгжүүлэх, ноос түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэ хүрээнд Австрали болон Шинэ Зеланд улсад мэргэжилтэн бэлтгэж, цалинтай дадлагажуулах, хонины ноос хяргагч нарын тоог нэмэгдүүлэхээр болсон байна.

Мөн бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд баруун бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх, “Шинэ Ховд” үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт, ялангуяа хүний нөөцийг бэлтгэх, цэвэрлэх байгууламж барихад мэргэжил арга зүйн зөвлөмж авах талаар ярилцсан гэж өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ