Ахмад Х.Цэнд-Очир: Би хамт олноо баатрууд гэж хэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-17 13:23:25

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. Түүхт ойн энэ өдөр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн захирагч, Ахмад Х.Цэнд-Очиртой ярилцлаа.

 

Манай гэр бүлийн гурав онцгой байдлын газартай

ажил амьдралаа холбосон нь Сайхан тохиол шүү


-Онцгой байдлын албатай хэрхэн танилцаж байв?

-Онцгой байдлын газар бага байхаас минь л миний хоёр дахь гэр байсан. Ээж маань Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч байлаа. Насаараа ажиллаад, гавьяаны амралтдаа суусан. Ээжийг ажилдаа явахаар гэрт ах дүү дөрвүүл үлддэг, гэрт байхаар уйтгартай болохоор би юм л бол ээжийн ажил дээр гүйгээд оччихдог хүүхэд байлаа. “Манай энэ үеийнхээ хүүхдүүдтэй тоглоод байж байхын оронд том ах нартай найзлаад ажил дээр л байж байх санаатай” шүү гээд л ээж минь инээдэг сэн.

Анх тэнд гал унтраах техникийн спортоор хичээллэж, бэлтгэл хийж байгаа ах нарыг хараад суудаг байлаа. Дунд ангид орох үеэсээ бараг л багт нь орчихсон, Анхаар, марш гээд цуг гүйдэг болчихсон байсан. Ах нар ч намайг багаасаа түүгээр эргэлддэг байсан болохоор өхөөрдөөд нэг ажилтан шигээ л ханддаг болчихсон, ёсолдог байлаа. Тэгэхээр би Онцгой байдлын албанд насан багаасаа л дурласан хүн байгаа биз.


-Мэргэжлээ сонгох үедээ эргэлзэж тээнэгэлзэлгүй шийдсэн үү?

-Тийм ээ. Аврагч ах нарыг харж, үлгэр дуурайл авч өсөж хүмүүжсэн болохоор тэдэн шиг л мундаг хүн болно гээд шийдчихсэн байсан. Тэгээд Элсэлтийн ерөнхий шалгалтаа физик, математикийн хичээлээр өгч, ур чадварын шалгалтдаа тэнцээд тухайн үеийн Хууль сахиулах их сургуульд Онцгой байдлын ажил, эрх зүйч мэргэжлээр суралцан 2016 онд төгссөн. Тэр жилдээ аймгийнхаа Онцгой байдлын газарт хуваарилагдан ирж ажилласан. Офицерын бүрэлдэхүүн орж ажиллаж эхлэхэд ээж нүдэндээ нулимстай баяр хүргэж, хүүгээрээ бахархаж байна гэж хэлээд тэвэрч үнссэн. Зөв мэргэжлээ сонгож, ээжийгээ ингэж их баярлууллаа шүү дээ гэж тэгэхэд их омогшиж байсан.


-Насаараа тус байгууллагад ажилласан хүний хувьд мэргэжлээ сонгож байхад нь ээж тань юуг зөвлөсөн бэ?

-Хэцүү ажил шүү, тууштай л яваарай, залуус бол халширмаар л ажил даа гэж байсан. Гэхдээ цаанаа болохоор дуртай, наанаа бол ийм тийм гэж захиастай байдаг байсан. Би айлын бага, хоёр ах, нэг эгчтэй.

Миний дээд талын ах бас Онцгой байдлын газрын алба хаагч. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт 10 гаруй жил ажиллаж байгаа. Ээж маань гавьяаны амралтад суусны дараа жил бид зэрэг шахуу л Онцгой байдлын албанд орсон. Манай гэр бүлийн гурав нь онцгой байдлын газартай ажил амьдралаа холбосон нь сайхан тохиол шүү.


Салбарынхаа ирээдүйг илүү сайхнаар төсөөлдөг


-Ажлын тань хамгийн сайхан нь юу гэж боддог вэ?

-Хариу нэхдэггүй тус. Гэгээнтэн байна уу, гэмт хэрэгтэн байна уу хамаагүй гамшиг осол, гал түймрээс авран хамгаалж, учирч болох эрсдэлээс сэргийлэх нь бидний ажил. Би хамт олноо баатрууд гэж хэлнэ.

 

-Суралцах, ажлын талбарт гарсны дараа шантрах, халшрах үе тохиолдож байв уу?

-Энэ алба мөрөөдөл минь байсан болохоор сэтгэлзүйн хувьд шантрах зүйл байгаагүй. Онцгой байдлын алба хаагч болно гээд багаасаа ахтайгаа спортоор хичээллэж, тэрсхэн хөвгүүд нэгнийгээ хурцалж, турникнээс салдаггүй, гүйж харайдаг байсан болохоор бие бялдрын хувьд ч бэрхшээл гараагүй. Нас биед хүрээд бүр л зорилгодоо үнэнч зүтгэсэн. Тэгэхээр албанаасаа шантрах, халшрах үе байгаагүй гэж бардам хэлнэ ээ.

 

-Онцгой байдлын салбарт 10-аад жил ажиллаж байгаа юм байна. Өөрийг тань ажилд орж байх үе, одоо цагийг харьцуулбал салбарын хөгжил ямар шатандаа явж байна гэж үзэж байна вэ?

-Үсрэнгүй хөгжсөн. Анх ажилд орж байхад хуучны АЦ40 гэдэг автомашинтай, багаж хэрэгсэл хангалтгүй, дөрвөн хувцастай, түүнийгээ ээлжилж өмсдөг байсан. Одоо бол нийтээрээ парк шинэчлэл хийсэн. Аль ч суманд байгаа Эрэн хайх, аврах бүлгүүд аврах ажиллагааны шинэ автомашинтай, техник тоног төхөөрөмж хангалттай, алба хаагчдын ур чадвар ч дээшилсэн. Анх аврагчид 400-500 мянган төгрөгийн цалинтай байсан бол одоо дөрөв дахин илүү цалин авч байна. Энэ нь амьдрал ахуй сайжирч, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллахад ч эерэг нөлөөлж байгаа. Салбарынхаа ирээдүйг илүү сайхнаар төсөөлдөг.

 

-Боловсон хүчний хангалт ямар хэмжээнд байгаа бол?

-Манай аймгийн хувьд ахлагч бүрэлдэхүүнээ маш сайн бэлтгэдэг. Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн зэргээрээ 2-оос нэгдүгээр зэргийн алба хаагчид зонхилдог. Офицер бүрэлдэхүүний хувьд ч сайтар бэлтгэгдсэн боловсон хүчинтэй. Бүрэлдэхүүний 40 орчим хувь нь магистраас дээш түвшний зэрэгтэй. Удирдлагын ухааны магистр, гамшиг судлалын магистр олонтой.

 

-Залуус ажлын байрандаа тогтвортой байх тал дээр хэр байна вэ?

-Ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгаа сайжирч байгаа болохоор харьцангуй гайгүй. Хувь хүний онцлогоос хамаарч янз янз. Бие бялдар, сэтгэлзүй сайтай залуус тууштай байдаг. Цэргийн алба хаагаагүй ч юм уу, цэрэгжилтийн байдлаас хол өссөн залуус зарим талаар халшрах гээд байдаг талтай.




Галын голомтЫГ шуурхай олоогүй бол тус Объект дэлбэрэх аюултай байсан


-Дуудлагад ажиллаж байсан тохиолдлуудаас санаанд тод үлдсэн зүйлээ дурсвал?

-Галын байцаагч болсны дараа айхтар галын дуудлагад ажилласан. Эрдэнэцогт сумын нутагт 2017 оны гуравдугаар сарын 18-нд гарсан галын дуудлага л даа. “Монгол гэрт гал гарсан, дотроо нэрвэгдэгчтэй” гэсэн дуудлагыг тухайн орой аваад аймгийн төвөөс Цагдаагийн бүрэлдэхүүнтэй хөдөлсөн. Гал түймэрт гурав, долоон настай хоёр хүүхэд гэртэйгээ хамт шатсан байсан. Шинэ залуу алба хаагч тийм нөхцөлд ажиллахад сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөлд орж байснаа мартдаггүй. Хэргийн газарт шөнө очсон болохоор хоёулхнаа тухайн байдалд ажиллах маш хүнд байсан. Яаж зовсон бол, хэрхэн тэмцээд нас барсан бол гэж бодохоор амнаас ч үг гарахгүй, хэсэгтээ хүнд байдалд орж байлаа.

 

- Алба хаагчдын тухайд тиймэрхүү асуудал бишгүй тулгардаг байх. Сэтгэлзүйн тийм байдлаас хэрхэн гардаг вэ?

-Албаныхаа эмч, сэтгэлзүйчтэй сэтгэлзүйн байдлаа хуваалцаж, заавар зөвлөмж авдаг. Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг арга бол бүлэг, салаа, хамт олноороо ажилласан дуудлага, тохиолдсон зүйлсээ ярьж хуваалцдаг. Энэ нь нэг талдаа дуудлагад ажилласан алба хаагчид сэтгэлээ онгойлгох хэлбэр болдог бол нөгөө хэддээ туршлага болдог онцлогтой. Сэтгэлзүйн хүнд үед түүнийгээ гадагшлуулах нь тайтгарахад сайн нөлөөлдөг болохоор бид энэ аргаа хэвшил болгосон.

 

-Энэ хугацаанд авран хамгаалж байсан хамгийн бахархалтай үеэ дурсаач гэвэл?

-Манай залуусын ажилласан дуудлага бүр л бахдам байдаг даа. Онцлох юм бол, Баянхонгор аймгийн Мэдээлэл холбооны сүлжээний гурван давхар объектод гал гарч, манай байгууллагынхан 4 цаг ажиллаж галыг унтрааж байсан. Утаан дунд бид маш хурдтай ажиллаж, галын хайгуул хийж голомтыг илрүүлэн унтраасан. Галын голомтыг шуурхай олоогүй бол тус барилга байгууламж дэлбэрэх аюултай байсан. Улмаар хавийн барилгуудад гал тархаж, олон хүн бэртэх, их хэмжээний хохирол учрах том аюулыг таслан зогсоосон. Тухайн нөхцөл байдлын үеэр аймгийн хэмжээнд найман цаг цахилгаан, үүрэн холбоо сүлжээгүй болж байв.

Мөн Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн байрны хоёр давхарт байдаг оюутны дотуур байранд гарсан галаас 20 хүнийг авран хамгаалж, шөнийн 1 цагаас үүрийн 6 цаг хүртэл ажилаж галыг унтраан аюулгүй болгосон байв 

 

-Бүрэн бие бүрэлдэхүүнээрээ ажилласан дээрх шиг тохиолдлуудад алба хаагчдын хамгаалах хувцас хэрэгсэл хангалттай байдаг уу?

-Алба хаагч бүр обьектын гал түймэрт ажиллах, ой хээрийн түймэрт ажиллах тусгай хувцас хангагдсан. Хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн тухайд хангалттай болсон.

 



Аймгийн төв маань тэлж хөгжихийн хэрээр

бидний хүрч ажиллах радиус томорч байгаа


-Цаашид ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зүйлс, хүндрэл бэрхшээлтэй зүйлс байна уу?

-Хүний нөөцийн асуудал хамгийн чухал. Залуу боловсон хүчин бэлтгэх, давтан сургах асуудал маш чухал. Аврагч, гал сөнөөгчид 45 хоногийн сургалтад сууж ирээд албан үүргээ гүйцэтгэдэг. Ажлын байранд зааж сургаж байгаа ч бүсийн, улсын хэмжээнд давтан сургалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлага байна гэж үздэг.

 

-Танай салбарт орж ажиллах сонирхолтой залууст юуг зөвлөх вэ?

-Эр зориг, тэсвэр хатуужил, чин сэтгэл. Манай албанд дур сонирхолтой бол ажиллах орчин нөхцөл, хангамж сайжирсан, албан тушаал ахих, сурч хөгжих боломж нээлттэй, гадаад харилцаа ч шинэ түвшинд гарсан сайхан цаг үе. Бие бялдар, сэтгэлзүйгээ хангалттай гэж дүгнэж байгаа бол асуудалгүй. 

 

-Аймгийн хүн ам, өрхийн тоо болон танай байгууллагын хүчин чадал, хүрч чадах хүрээ зэрэгт хамаарал байх уу?

-Аймгийн төв 33 мянган хүн амтай, түр оршин суугчтай 40 мянга хүрдэг. Гал унтраах ангийн стандарт, галын аюулгүй байдлын хуулиараа бол ийм хэмжээний хүн амд Гал унтраах, аврах хоёр анги байх стандарттай. Гал унтраах, аврах ангийн үйлчлэх хүрээ нь хааш хаашаа 3 км радиуст ажиллах нормтой. Аймгийн төв тэлж хөгжихийн хэрээр бидний хүрч ажиллах радиус томорч байгаа гэсэн үг. Захын нэг суурьшил руу дуудлагад очиход 4.8 км замыг туулж очиж байх жишээний. Тэгэхээр туулах зам урт байх тусмаа тусламж төдийчинээ удаж очно гэсэн үг. Тэгэхээр гал унтраах ангийг нэмж байгуулах, стандартын дагуу ажиллах нөхцөл бүрдвэл галын аюул тэр хэрээр багасах юм.


-Миний асууж амжаагүй, өөрийн тань хэлмээр байсан зүйл байвал нээлттэй...

-Манай алба төрийн цэргийн байгууллага учраас хэзээд бэлэн байхыг шаарддаг. Тушаалаар ажилладаг учраас 24 цаг, түүнээс удаан хугацаагаар ч үүрэг гүйцэтгэх тохиолдол байдаг. Цаг наргүй хөдөлмөрийг минь ойлгож, ар гэр, үр хүүхдээ асуудалгүй авч явдаг хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье.


Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн баярын мэндийг үе, үеийн аврагч, гал сөнөөгчид, тулгын чулууг тавилцсан ахмад буурлууд, хамтран зүтгэгчид нийт бие бүрэлдэхүүндээ болон гэр бүлд нь баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энх цагийн эгэл баатруудын яруу алдар мандан бадраг.



Холбоотой мэдээ