Эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэж, инфляцыг 6 хувьд барихаар төсөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-17 14:26:34

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв.


Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төслийн танилцуулгад, эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд, уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлөхөөр байна. Цаашид Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онд эдийн засгийн өсөлт 6.5 хувьд хүрэхээр байна гэв.


Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 6 хувь, 2026 онд 4 хувь, 2027 онд 3 орчим хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэн төсвийн алдагдлыг хязгаарлана гэж танилцуулгад дурджээ. 


Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр хуулийн төслийн талаарх дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувьд, нүүрсний экспортыг 2024 онд 78 саяд хүргэнэ гэсэн нь нэлээн өөдрөг төсөөлөл болсон байна. Дэлхийн эдийн засгийн болон бүс нутгийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Бидний авсан мэдээллээс үзвэл, Хятад улсын нийт нүүрсний экспорт 2023 онд 474 сая тонн, үүнээс коксжих нүүрс нь 103 сая тонн. Коксжих нүүрсний хэрэглээ цаашдаа өсөх хандлага харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, бидний одоо нийлүүлж байгаа 70 орчим сая тонн нүүрс цаашдаа өсөх орон зай бага байна. Нөгөө талаар, Монгол Улстай ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Австрали улс ирэх онд нүүрсний экспортоо 20-25 сая тонн, ОХУ мөн 20 сая тонн коксжих нүүрсийг Хятад улсын зах зээлд нийлүүлэх дэд бүтцийн нөхцөл бүрдсэн. Монгол Улсын нийлүүлж зах зээл нь БНХАУ-ын ӨМӨЗО тул уг асуудлыг анхааралтай судалж үзэх нь зүйтэй гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжлээ.  

Холбоотой мэдээ