ХОВД: Номын баярт оролцогчийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-18 21:55:53

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр 35 дахь удаагийн номын баяр буюу "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" сэдэвт үйл ажиллагаа боллоо. 


Энэ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, үндэсний бичиг соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд жил бүр номын баярт оролцох иргэд, хүүхэд, өсвөр үеийнхний тоо нэмэгдэж байна. 


Тодруулбал, өмнөх жилтэй харьцуулахад уншигчдын тоо 43.1 хувь, номын баярт оролцогчийн тоо хоёр дахин нэмэгджээ.


Энэ үеэр шинэ, сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж, ховор болон хуучин номын худалдаа, ном бэлэглэх үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн бичгийн соёл, ном бүтээлийн үзмэрийн үзэсгэлэн дэлгэх юм.

Үүнээс гадна ном, үндэсний бичиг үсгийг сурталчлах соёл олон нийтийн ажлыг Ховд аймгийн Соёл урлагийн газар, Нийтийн номын сангаас хэрэгжүүлнэ.

Харин музейн ажилтнууд олон угсаатны соёлын өвийг таниулах боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, тэд зарим уламжлалт тоглоом наадгайг тоглох, монгол гэр барих, тэмээгээр нүүх, арвайн гурил боловсруулах аргыг зааж, онцлох 10 дурсгалт газрыг танилцуулж байна. 


Холбоотой мэдээ