БАЯНХОНГОР: Өдөрлөгөөр 500 гаруй нээлттэй ажлын байрыг санал болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-27 11:13:53

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Хөдөлмөр эрхлэлт 2024” өдөрлөгийг аймгийн Баганат талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгт оролцогч байгууллагаар Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Баянхонгор аймаг дахь Политехникийн коллеж болон төр, хувийн хэвшлийн 25 гаруй байгууллага үйл ажиллагаагаа сурталчлав.


Өдөрлөгөөр ажил олгогчид 529 нээлттэй ажлын байрыг санал болгож оролцсон бөгөөд 76 иргэн ажил хайгчаар бүртгүүлж, 28 иргэн ажилд зуучлуулж, 32 иргэн ажлын шууд ярилцлагад орсон байна. Мөн 120 иргэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, Нийгмийн халамжийн үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгч, 23 иргэн Политехник коллежийн таван мэргэжлийн ангиудад шинэ элсэгчээр бүртгүүлжээ.


Түүнээс гадна иргэдэд И-жоб хөдөлмөр эрхлэлтийн платформын үйлчилгээг танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн байна.


Мөн үеэр Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн 12 мэргэжлийн ангийн багш, суралцагчдын үзэсгэлэн, үзүүлбэрийг танилцуулж, шинээр төгсөгч ажил хайж буй залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг хүргэжээ.

Холбоотой мэдээ