БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 599.7 мянган төл бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 599.7 мянган төл бойжиж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Тус аймагт оны эхэнд төллөвөл зохих 826.9 мянган хээлтэгч тоологдсон. Үүнээс 41 мянган толгой хээлтэгч хээл хаяж, 640.780 мянга нь төллөжээ. Цэнгэл суманд хамгийн олон буюу 7516 мянган хээлтэгч хээл хаясан. Үүний дараа Дэлүүн (7516), Булган (7412), Улаанхус (5113), Алтанцөгц (2728) сум орж байна. Өнгөрсөн өвөл дээрх сумдад цас их хэмжээгээр орж, өвөлжилт хүндэрсэн нь мал хээл хаях шалтган болжээ.
Аймгийн хэмжээнд 640808 төл гарснаас 41 мянга нь хорогдсон. Төлийн хорогдол Алтай (10307), Улаанхус (7916), Дэлүүн (7331), Ногооннуур (4375), Бугат (3818), Булган (2904) суманд их байна.
Одоо аймгийн хэмжээнд 599.7 мянган толгой төл бойжиж байгаа ба бойжилт 93.6 хувьтай. Мөн Алтай, Улаанхус, Дэлүүн, Бугат, Булган суманд мал төллөж дуусаагүй байна.
Ташрамд, өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт 658.8 мянган хээлтэгч
төллөж, 554.7 мянган төл бойжсон юм.