БАЯН-ӨЛГИЙ: Казах бүсгүйн унжлагат тоорцог малгай музейн үнэт үзмэрийн нэгээр тооцогддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-29 10:32:25

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн орон нутаг судлах музейн үнэт үзмэрүүдийн нэг нь “саукеле” буюу унжлагат тоорцог малгай юм. Энэхүү “саукеле”-г музейн Угсаатан зүйн танхимын үзүүллэгт дэглэсэн байдаг.


Саукеле нь нөхөрт гарах эмэгтэй хүнд өмсгөдөг казах үндэсний уламжлалт хувцасны нэгэн төрөл. Үүнийг нөхөрт гарсан эмэгтэй хүүхэдтэй болтлоо өмсдөг уламжлал бий.


Дээрх үзмэрийг 1960 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн музейн сан хөмрөгт бэлэглэжээ. Даавуу, эсгий, шүр, хамба зэрэг материалуудаар урласан тухайн толгойн өмсгөл нь цаг хугацааны хувьд ХХ зууны эхэн үед хамаарна.


Саукеле нь дээшээ нарийссан, өндөр оройтой, улаан эрээн даавуун гадартай, ташуу хээтэй эрээн даавуугаар доторлосон. Магнайн хэсгээр 7,5 см хар хамбан хүрээтэй, орой хэсэгт онгорхой, эсгийгээр биежүүлэн өндөр босоо хэлбэр гаргасан эсгий дотортой.


Оройн ар тал нь илүү өндөр, урд хэсэгтээ намхан. Малгайн хоёр талд 22,5 см урт улаан бүч оёсон, 12х15,5 см хэмжээтэй хар хамбан чихэвчтэй. Ар шилэнд 20 см өргөн, 58 см урт доошоо гурвалжилсан хошуу хэлбэртэй шилэвч /көкирекше/-тэй.


Шилэвч доор 154 см урт, 15,5 см урт улаан эрээн даавуугаар доторложээ. Мөн казах үндэстний хээг өнгө өнгийн утсаар алаглуулан маш нарийн гоёмсгоор “тышхан из” /хулганы мөр/ оёогоор оёж урласан байна. Харин чихэвч нь улаан даавуун дотортой, хоёр талын чихэвч, духны хэсгийн хар хамба хүрээн дээр мөнгөлөг саан хээтэй тууз дагуулан оёжээ.


Магнайн хэсгийн өргөн хар хамбан хүрээн дээр 2 талын чихэвч хүртэл битүү жижиг шүрийг торлож хэлхэн гоёсон бөгөөд мэргэжлийн хүмүүс энэхүү малгайг дахин давтагдашгүй, одоо үед ховордсон үнэт үзмэр хэмээн онцолж байна.

Холбоотой мэдээ