Эрэгтэйчүүдээс Г.Амартүвшин, эмэгтэйчүүдээс Т.Мөнхзул нар улсын аваргаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-30 15:17:52

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн Дорнод аймгийн Чойбалсан хотод болж өндөрлөлөө.


Эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 54 дэх удаагийн тэмцээнд 25 тамирчин өрсөлдсөн бөгөөд 13 өрөг тоглож аваргуудаа тодруулав. Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин 9.5 оноогоор анх удаа улсын аварга болсон бол ФИДЕ мастер С.Чингүүн, Э.Баасансүрэн нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Харин өнгөрсөн жилийн аварга, олон улсын мастер М.Амилал, ФИДЕ мастер Х.Итгэлт нар айрагдав.


Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Т.Мөнхзул 9.5 оноогоор улсын аваргад анх удаа түрүүлсэн байна. Тэрбээр тэмцээн дуусахаас нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангажээ. Харин их мастер Б.Мөнгөнтуул мөнгө, Д.Номин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн ФИДЕ мастер Э.Хүслэн, кандитат мастер Б.Мөнгөнзул нар шагналт байрт шалгарчээ. 


Ташрамд сонирхуулахад, 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын Будапешт хотноо болно. Тиймээс УАШТ нь энэхүү олимпиадын өмнөх манай тамирчдын гол сорилго болсон гэхэд хилсдэхгүй. 



Холбоотой мэдээ