Дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-30 16:03:09

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 30 /CNN/. Аяллаа төлөвлөх үед нислэг хойшлохгүй, ачаа тээш алга болохгүй, эсвэл хажууд чинь суух хүн хэцүүхэн нэгэн биш гэх баталгаа байхгүй. Гэхдээ олон нийтийн итгэлийг хүлээсэн агаарын тээврийн компанийг сонгосон тохиолдолд ямарваа нэгэн асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол багасдаг.   


“Катар Эйрвейз”-ийн нислэгүүд үргэлж зорчигчдын хүссэнээр явагддаггүй. Тухайлбал, ням гарагт Доха-Дублин чиглэлийн нисэх онгоц агаарын турбулент урсгалд орсны улмаас 12 хүн гэмтэж бэртсэн. Гэвч Катарын үндэсний агаарын тээвэрлэгч тус компани дэлхийн агаарын тээврийн салбарт зэрэглэлээрээ байнга дээгүүр жагсдаг.


2023 онд агаарын тээврийн “Эйр Нью Зеланд” компанид тэргүүн байраа алдаж байсан “Катар Эйрвейз" энэ онд дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниар дахин шалгарсныг Австралид төвтэй агаарын тээврийн аюулгүй байдал, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэлгээний агентлаг болох “AirlineRatings.com мэдээллээ.


Жил бүр олгодог Airline Excellence Awards” шагналыг агаарын тээврийн компаниудыг аюулгүй байдал, бүтээгдэхүүн үйлчилгээний зэрэглэл, нисэх онгоцны насжилт, ашиг орлого, ноцтой осол аваар, инновац, нисэх онгоцны захиалга, олон эх сурвалжаас авсан зорчигчдын үнэлгээ зэрэг 12 шалгуураар олгодог байна.


AirlineRatings.com цахим хуудасны ерөнхий редактор Жеффри Томасын хэлснээр, “Катар Эйрвейз” олон чухал үзүүлэлтэд нэгдүгээр байранд орсон хэдий ч эхний 10-т багтсан компаниуд маш ойрхон оноо авчээ. Гэхдээ зорчигчдын үнэлгээгээр “Катар Эйрвейз” нь бүх агаарын тээврийн компанийг ардаа орхисон бөгөөд түүний тогтвортой байдал, үйлчилгээний өндөр стандарт нь зорчигчдын санал хүсэлтэд тусгагдсан байжээ.


Харин “Шилдэг нэгдүгээр зэрэглэлтэй” компаниар “Сингапур Эйрлайнс” тодорсон бол “Шилдэг бизнес ангилал” төрөлд “Катар Эйрвейз”, “Шилдэг дээд зэрэглэл” төрөлд “Эмирейтс”, “Шилдэг энгийн ангилал” төрөлд “Эйр Нью Зеланд” тус тус шалгарчээ. Мөн “Катар Эйрвейз” нь “Шилдэг хоолтой компани”-аар шалгарсан бол “Виржин Австралиа” нисэх багийн бүрэлдэхүүнээрээ, “Кантас” компани амралтын хэсгээрээ тэргүүлжээ.


Харин холын зайн нислэгийн хувьд “AirlineRatings.com” нь шилдэг компаниудыг бүс нутгуудаар тодруулдаг. Энэхүү төрөлд Ойрх Дорнодод “Катар Эйрвейз”, Хойд Азид “Кореан Эйр”, Зүүн Өмнөд Азид “Катэй Пасифик Эйрвейз”, Австрали-Номхон далайн бүсэд “Эйр Нью Зеланд” шалгарсан байна. Харин “Эйр Франс” Европт, “Туркиш Эйрлайнс” өмнөд Европт, “Эйр Канада” Хойд Америкт, “Латам” Өмнөд Америкт тэргүүлжээ.


AirlineRatings.com: 2024 оны шилдэг 10 агаарын тээврийн компани:

1. Катар Эйрвейз

2. Кореан Эйр

3. Катэй Пасифик Эйрвейз

4. Эйр Нью Зеланд

5. Эмирейтс

6. Эйр Франс

7. Ниппон Эйрвейз

8. Этихад Эйрвейз

9. Кантас

10. Виржин Австралиа

 




Холбоотой мэдээ