Хөх сэрхийн ноён оргилд аврагчид төрийн далбаагаа мандуулав

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2016-10-07 16:08:16

Онцгой байдлын албан хаагчид “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг хийх явцдаа Хөх сэрхийн ноён оргилд гарч Монгол Улсын төрийн далбаа болон Онцгой байдлын албаны тугийг мандуулжээ.

Дадлага сургуулийг  өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 01-ний өдөр Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төв, Ховд сумын нутагт орших “Хөх сэрх” ууланд батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан байна. Энэ үеэр гавьяат тамирчин, олон улсын уулын спортын мастер Т.Гүррагчаагаар ахлуулсан 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр “Хөх сэрх” ууланд авиралт хийжээ.

Авиралтын үед хүчтэй цасан шуургатай байсан бөгөөд аврагчид хоёр хэсэг болж хуваагдан нэгдүгээр хэсгийг Т.Гүррагчаа, хоёрдугаар дугаар хэсгийг онцгой байдлын ахлах дэслэгч Д.Түвшинжаргал нар ахалж явсан байна.

Хөх Сэрхийн нуруу нь Монгол Алтайн нурууны хойд салбар уул Гурван Цаст уулаас зүүн урагшаа 50 гаруй км урт, 20 км өргөн үргэлжлэн тогтсон 65920 га талбай бүхий, далайн түвшнээс дээш 4127 метрт өргөгдсөн нуруу юм. 1977 онд АИХТ-ийн 76 дугаар зарлигаар дархалсан бөгөөд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор ТХГН-ийн тухай хуульд нийцүүлэн дархан цаазат газраар баталгаажуулсан аж.

Б.Туул

Холбоотой мэдээ