ЗАВХАН: Отгонтэнгэрийн орноор аялж байгалийн сонирхолтой тогтцыг үзэж болно

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2024-06-10 17:44:40

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутагт орших мөнх цаст Отгонтэнгэр уулын чиглэлд аялах гэж байгаа бол байгалийн сонин содон тогтоц, гайхамшгийг нэг дор үзэх боломжтой юм.   


Отгонтэнгэрийн чиглэлд мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөц тогтоц бүхий гол нуур, халуун, хүйтэн рашаан олон бий. Тухайлбал, Отгоны амралт, Даян амралтад очиж, орон нутгийн ховор нандин, баялаг үзмэртэй музейг үзэж болно.


Отгонтэнгэрийн зун

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан, түүнийг хүрээлэн орших уулсыг хамруулан 955 ам км талбайг 1992 оноос дархлан хамгаалж байна. 

Отгонтэнгэрийн өвөл 

Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил далайн түвшнээс дээш 4021 метр өргөгдсөн.

Завхан аймгийн Отгон, Цагаанхайрхан, Алдархаан сумын нутгийн заагт оршдог. Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78 км, Отгон сумаас Хайрхны өвөр Бадархундага нуур хүртэл 65 км байдаг.

Вансэмбэрүүг Их Бага Даянгаас үзэж болно 

Илбийн юм шиг хосгүй сайхан

Ихэр ботго шиг хорвоод ховор

Сэрүүн хангайн хос цэцэг

Сэтгэл бахдам гоёмсог ургажээ хэмээн дуунд мөнхөрсөн мөнх хайрыг бэлгэдсэн үзэсгэлэнт вансэмбэрүүг Отгонтэнгэрийг зорихдоо харж болно.


Отгонтэнгэр, Бадархундага

Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уулын бэлд Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур оршдог.

Нуурыг Очирваань бурхны тахилын аяга хэмээн нэрлэх нь бий. Монголчууд эрт цагаас Бадархундага нуурт хүслээ шивнэн, мөнгөн ембүү өргөдөг байжээ. Домогт өгүүлснээр, хэрэв нуур өргөлийг хүлээн авбал тухайн хүний хүсэл биелж, өргөснөөсөө хэд дахин ихийг эргүүлэн авдаг гэдэг.

Их, Бага Даян хайрхан 

Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их, Бага даян хэмээх хоёр сүрлэг хайрхан бий.

Энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамьянмядаг зэрэг эмийн ховор ургамал ургадаг. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу бий.

Уулын дээрээс Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхнууд алган дээр тавьсан мэт илхэн харагддагаас үүдэн нутгийн иргэд “Даянгийн оргилоос дэлхий харагдана” гэцгээдэг.

Цагаан нуур 

Цагаан нуур нь Даян хайрхны баруун бэлд хөх нуураас холгүй 2230 метр өндөрт оршдог.

Морены хурдсанд хөөгдөж тогтсон цэнгэг устай 3.1 км.кв талбайтай, 3.6 км урт, 1.6 км өргөн, гүн нь 28 метр. Их, Бага даян хайрханд тулж хошуу хойг булан тохой үүсгэх тул эргийн хэрчигдэл ихтэй, урт нь 12 км, өмнөөс нь нуурын хоолой хэмээх гол хэд хэдэн булгийн хамт цутгадаг.


Ногоон нуур

Ногоон нуур нь Овоот уулын бэл, Тусгалтын ар бэлээр урссан Идэр голын зүүн талд байрлаж тогтсон нуур юм.

Ногоон нуур гэсний учир нь Овоотын өвөрт байгаа эрдэнийн туяа энэ нуурт туссанаас нуурын ус ногоон харагддаг гэсэн домог яриа байдаг. Нуурын ус нь аль ч талын эргээсээ дотогш 5-8 метр орчмын зайд хар харагдаад үүнээс цааш ногоон өнгөтэй харагддаг байна. Энэ нь эргэн тойрны ногоон ой модны тусгал байж болох юм. Яг хажууд нь очиход нуурын ус нь маш тунгалаг бөгөөд дотор нь явж буй загас тод харагддаг байна. .

Гэрэл зургуудыг: Н.Сүхбат, П.Баатарзориг