"Хү" хамтлагийн тоглолтын тасалбарыг 95 мянган төгрөгөөр борлуулж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-11 10:00:59

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Архангай аймаг зохион байгуулах “Ара” фестивалийн үеэр алдарт The Hu хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах талаар манай агентлаг өмнө нь мэдээлсэн билээ.


Уг тоглолт Архангай аймгийн Цэцэрлэг сум дахь “Ара” цэнгэлдэх хүрээлэн болох бөгөөд тасалбар өчигдрөөс худалдаанд гарчээ. Тус хамтлагийн тоглолт ирэх сарын 20-нд болох ба тасалбарын үнэ 95 мянган төгрөг аж. Түүнчлэн тус цэнгэлдэхэд Монголын амьд хөгжмийн шилдэг хамтлагуудын тоглолт ирэх сарын 19-нд болно.


Мөн 7 дугаар 13, 14-нд Монголын хөгжмийн ертөнцийн онцлог болсон этник хэв маяг, ардын өв соёл, хувцас өмсгөлийн уламжлалыг шингээсэн “Монгол поп” урсгалыг дэлхий дахинд сурталчлан таниулах “Монгол поп” хөгжмийн их наадам болно.


Харин 7 дугаар сарын 17-нд Солонгосын алдарт ди жей Сода манай улсад ирж, хөгжмийн сетүүдээ хүргэх аж.

Түүнчлэн 7 дугаар сарын 26, 27-нд Монголын хип хоп урлагийн төлөөллүүд “Ара” цэнгэлдэх хүрээлэнд нэгдсэн тоглолтоо хийх юм байна.


“Ара” фестивалийн гол зорилго нь Хангайн бүс рүү аялагч, жуулчдын урсгалыг бий болгож Монголын нүүдлийн өв соёлыг таниулан сурталчлах, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, уламжлалаа хайрлан хүндэтгэх сэдлийг төрүүлэх, дэлгэрүүлэх, мөн олон улсын жуулчдад жил бүр үзүүлэх аялал жуулчлалын Хангайн бүсийн бүтээгдэхүүнийг бий болгоход оршиж байгаа юм. 

Холбоотой мэдээ