Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хоёр жилийн хүлээлт тайлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-12 09:18:21

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн шигшээ өчигдөр Улаанбаатар хотноо байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд Камбожийн багийг 2:1-ээр хожлоо. 


Хоёр багийн нөхөрсөг эхний тоглолт долоо хоногийн өмнө Камбожийн Пномпень хотод болоход талбайн эзэн 2:0-ээр хожсон юм. Тэгвэл өчигдөр манай залуус өөрийн талбай дээрээ хариугаа авлаа. Ингэснээр Монголын шигшээ баг 2022 оны зургаадугаар сарын 14-нөөс хойш хожил аваагүй, 400 гаруй хоногийн хугацаанд өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулж чадаагүй гэсэн тааруу амжилтаа зогсоов.


Тоглолтын 53 дахь минутад Н.Наранболд, 31 дэх минутад Г.Гантогтох нар гоол оруулсан бөгөөд гоолын дамжуулалтыг багийн ахлагч Х.Цэнд-Аюуш өгчээ. Тоглолтын дараа довтлогч Н.Наранболд ярихдаа “Маш их баяртай байна. Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд шигшээ багтаа тоглож, тус дэм болж чадаагүйдээ дотроо маш их бухимдалтай явсан. Энэ гоолыг би олон жил хүлээлээ. Энэ удаа шигдээ багтаа дуудагдаад үзэгчдийн цангасан байсан гоолын цангааг гаргасандаа маш их баярлаж байна. Бид ялалтын төлөө талбайд гарч, ялалтын төлөө хөлсөө дуслуулдаг юм шүү. Ялалт, ялагдал бүхэнтэй хамт байдаг Монголын үнэнч хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа” гэв.


Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо ААШТ-ий урьдчилсан шатны плей-оффт Зүүн Тимортой  хийнэ.  









Холбоотой мэдээ