БАЯН-ӨЛГИЙ: Ардын зохиолч Р.Шынайн шинэ ном олны хүртээл боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-12 10:52:47

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, сэтгүүлч Р.Шынайн "Өлзийтэй талын аялгуу" (Әулие дала әуендері) ном хэвлэлтээс гарлаа.


Тус номын нээлт энэ сарын 12-ны өдөр Өлгий хотод "Фэст" академийн байранд болов. Номыг хэвлэхэд "Туран ворлд" компанийн захирал А.Ерболат санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.


Шинэ номд зохиолчийн сүүлийн үед бичсэн яруу найргийн бүтээлүүд оржээ. Тухайлбал, Монгол Улсын төрийн дууллын казах орчуулгаас эхлээд нийтэд танигдсан 20 дууны монгол орчуулга, "Тинейн шар бүргэд", "Казах түмэн мину" найраглал болон шүлгүүд багтсан байна.


Р.Шынай нь 1960-аад оноос утга зохиолд хөл тавьж, 1971 онд анхны номоо гаргаж байжээ. Түүнээс хойш яруу найргийн 7, үргэлжилсэн үгийн 6 номыг нийтийн хүртээл болгосон. Мөн нэг роман, 10 тууж, 10 найраглал бичиж, түүх угсаатны зүйн 10 ном, монгол-казах ярианы толь бүтээж, 10 жүжиг туурвин театрын тайзнаа толилуулсан. "Жангар", "Монголын казахын угсаатны зүй" зэрэг 30 номыг ариутган шүүж, шүүмж судалгааны 50 орчим өгүүлэл нийтэлж байжээ. 


Түүнээс гадна шинэ Үндсэн хуулийг орчуулахад хамтран оролцож, "Гэсэр" тууж, Д.Нацагдоржийн "Пионерийн дуу", "Миний хэнз хурга", Ц.Дамдинсүрэнгийн "Зугаалахаар явахад", Б.Явуухулангийн "Тэхийн зогсоол", "Би хаана төрөө вэ", Д.Пүрэвдоржийн "Мөнхийн ус", "Хүн төрөлхтөнд өргөх үг", "Чингис", "Тусгаар тогтнол", Д.Мягмарын "Тээрэмчин", "Тээрэмчний охин", "Найрын ширээний ууц", С.Эрдэнийн "Өвгөн шувуу", П.Бадарчийн "Их хааны хатад", Д.Маамын "Хоёр хар буур", Д.Цоодолын "Өнгөт хорвоо", Б.Лхагвасүрэнгийн "Боржигоны бор тал", Б.Баастын "Алтан хурга", Ш.Сүрэнжавын "Багш", О.Дашбалбарын "Тэнгэр шиг бай", "Амьддаа бие биеэ хайрла", Р.Чойномын "Залуу нас", Ш.Жамлихагийн "Улаан хурга", Чой.Лувсанжавын "Сүх  хүү", Инэүэ Ясушигийн "Бөртэ чоно", Зян Руны "Чонон сүлд", М.Пүрэвмаагийн "Сахиулсан тэнгэрүүд" роман, С.Нарангэрэлийн "Чингис хаан, Монголчууд", С.Дашгомбын "Голомт хиртсэн жилүүд" зэрэг олон бүтээлийг казах хэлээр орчуулсан байна. 

Холбоотой мэдээ