Зэвэг, хадран загасны 50 мянган жарамгайг үржүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-06-17 15:20:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Идэр голын сав газрын захиргаа, “Чулуут тул” НҮТББ хамтран Тосонцэнгэл УЦС-ын санхүүжилтээр цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50 мянган жарамгайг станцын хиймэл нуурт үржүүлж эхэллээ.

Эхний ээлжийн 12 мянган жарамгайг Идэр гол нуурт нийлэх цутгал хэсэгт тавив. Ингэснээр гол усныхаа цэвэр байдлыг хадгалах, цаашид агнуурын нөөц буй болгох ач холбогдолтой.


Идэр гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Отгонтэнгэр уулын ар Өлзийт хайрхан уулаас эх авч Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин Идэр голын хамгийн том цутгал Чулуут голтой нийлэн 452 км газрыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг маш цэвэр ангилалд хамрагддаг 7 дугаар эрэмбийн томоохон гол юм. Тосонцэнгэл сумын нутгаар дайран өнгөрөх голын Дархан уул Савын толгойн хавцлыг хааж, 8012 м2 талбай бүхий хиймэл нуур үүсгэн, 375 квт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Германы санхүүжилтээр 2005 онд байгуулан, эрчим хүч түгээж байгаа.

Станц байгуулснаас хойш загасны нүүдэл шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой цөөрснийг иргэд хэлж байгаа. Тус станцын загас дамжуулах хоолой нь загас чөлөөтэй саадгүй дамжин өнгөрөх нөхцөлийг хангаагүйг харгалзан зохих арга хэмжээ авч байгааг БОАЖЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ