ОРХОН: Энэ онд авто замын өргөтгөл, шинэчлэлд 50 тэрбум төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын VI хорооллын баруун уулзвараас
Их-Залуу баг хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг
дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг эхлүүллээ.
Орон нутгийн төсвийн 13,4 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар гүйцэтгэх тус авто зам нь 1,9 километр урттай бөгөөд нүхэн гарц, ус зайлуулах суваг, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг болон 80 автомашины зогсоолтой байхаар барих юм. Уг замыг өргөтгөснөөр Улаанбаатараас баруун аймаг
руу зорчих машины хөдөлгөөн саадгүй зорчих давуу талтай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын төсөвт төвлөрүүлдэг хөрөнгийн эх үүсвэрээс 50 тэрбум төгрөгийг хот доторх авто замын засвар, шинэчлэлийн ажилд зарцуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу энэ онд 51 байршилд авто замын өргөтгөл, шинэчлэлт хийхээс VI хорооллын баруун уулзвараас Их-Залуу баг хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажил юм. Ажлын гүйцэтгэгчээр “Шилдэг зам” ХХК-шалгарч, ирэх 11 дүгээр сард бүрэн дуусгах юм.