Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-18 16:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Дуу цахилгаантай аадар орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Зургаадугаар сарын эхний 10 хоногт сэрүүсэх, хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт гэнэтийн дуу цахилгаатай аадар, мөндөр орох, борооны өмнө хүчтэй нөөлөг салхитай байх, 7, 8 дугаар сард олон жилийн дунджаас хур тунадас ахиу орох урьдчилсан төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн юм.


Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;

-Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;

-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;

-Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын гарцтай газраар зорчих;

-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулжээ.

Холбоотой мэдээ